Print logo
Jump to main navigation Jump to content

Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Энэ онд Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой дохиож байгаа бөгөөд Монгол Улсын дээд шүүхээс “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү хурлыг Ханнс Зайделийн Сан дэмжин оролцов.

Хурлыг нээж Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Проф. Др. Ц.Сарантуяа хийгээд, ХБНГУ-ын Баварийн Захиргааны сургуулийн удирдах зөвлөлийн дарга асан, Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургуулийн хүндэт доктор, Проф. Др. Юрген Харбих нар мэндчилгээ дэвшүүллээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ, Канад, БНТУ, Сингапур, Япон, БНСУ зэрэг эрх зүйн систем өндөр хөгжсөн орнуудаас илтгэгч нар оролцсон юм.

Үүн дотроос ХБНГУын Макс Планкийн харьцуулсан нийтийн эрх зүй, олон улсын эрх зүйн хүрээлэнгийн ахлах судлаач Проф. Др. Райнер Гроте төлөөлөөрөө дамжуулан илтгэлээ тависан бол Бавари муж улсын Захиргааны хэргийн шүүхийн Дэд ерөнхий шүүгч Мехтилд Клайн илтгэлээ толилууллаа.

Мөн хуралд Монгол Улсын чадварлаг шүүгч, судлаач, багш нар илтгэл хэлэлцүүлсэн билээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд нь дараах үндсэн 4 сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүнд:

  • Онолын асуудлын хүрээнд: Захиргааны эрх зүйн системчлэлийн онол, өнөөгийн байдал, хандлага болон олон улсын туршлагыг судлах
  • Хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд: Захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн кодификаци хууль тогтоогчийн үүрэг
  • Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд: Захиргааны үйл ажиллагаа түүнийг хэрэгжүүлэх явц дахь захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн системчлэл, тулгарч буй асуудал
  • Шүүх эрх мэдлийн хүрээнд: Захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэх явц дахь захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн системчлэлийн хэрэглээ

Энэхүү олон улсын хурлаар дотоод болон гадаадын эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцсоноороо онцлог байсан юм.