Print logo
Jump to main navigation Jump to content

Хэлэлцүүлэг
“Хүүхдийн хэргээр хуульчдыг мэргэшүүлэх тогтолцоо” сэдэвт чөлөөт уулзалт, ярилцлага боллоо.

Ханнс-Зайделийн сан болон Монголын Хуульчдын холбоо хамтран 3 дугаар сарын 24-ний өдөр дээрх сэдвийн хүрээнд чөлөөт уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан.

Тус арга хэмжээнд ХБНГУ-ын Пассау хотын Прокурорын газрын Хүүхдийн хэргийн прокурор Юлья Шахербауэр зочин илтгэгчээр оролцож, өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Тэрээр өсвөр насныхантай холбоотой гэмт хэрэг, оршин суух болон орогнолын хуультай холбоотой зөрчил, гэр бүлийн болон ойрын хүрээний хүчирхийлэл, мөшгөх, түүнчлэн хүчирхийллээс хамгаалах тухай хуулийн зөрчлийн хэргүүд дээр ажилладаг.

Хатагтай Юлья Шахербауэр уулзалтын үеэр хүүхэд болон хохирогчийн эрхийг хамгаалах олон улсын стандартыг үндэсний эрүүгийн эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэхэд шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод тусгагдсан хүүхдийн эрх, хамгаалалт, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмын ач холбогдлыг онцлон дурдав.

 

Тэрээр хүүхдэд ээлтэй байцаалтын арга зүйн талаар мэдээлэл өгч, эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн нас, хөгжлийн онцлог, хамгааллын хэрэгцээг харгалзан үзэх нь хүүхдийг дахин сэтгэлзүйн дарамтад оруулахгүйгээр бодит, үнэн зөв мэдүүлэг авахад чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.