Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
“Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт“ 2026 оны 2-р сарын 10-аас 13-ны хооронд зохион байгуулагдлаа.

Хэрэгжүүлэх нөөцөө тооцохгүй, олон хууль санаачлан батлах нь иргэдийн амьдралд хор уршиг ихтэйг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ын үеэр Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж санууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 2022 онд Монголын Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлсэн байдаг. Уг хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв зэрэг байгууллагуудтай хамтран 2026.02.10-13-ний хооронд зохион байгуулсан билээ.

Энэхүү сургалтыг “ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчид (хуулийн төслийн эхийг баригч, хуульч) Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг томилдог зарим байгууллагын хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий албан хаагчид оролцсон. 

Сургалтыг нээж Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат нар үг хэлсэн. 

Энэ жилийн хувьд сургалтын хөтөлбөрт хүний эрхийн болоод үндсэн эрхийн хязгаарлалтад тавих тохирсон байх зарчмыг хэрэглэх агуулгыг нэмж тусгасан онцлогтойг зохион байгуулагчид нээлтийн үеэр тодотгосон.

Хэрэгжүүлэх нөөцөө тооцохгүй, олон хууль санаачлан батлах нь иргэдийн амьдралд хор уршиг ихтэйг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ын үеэр Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж сануулсан юм. Тухайлбал, эдийн засгийн тооцоолол хийхгүйгээр баталсан хуулиудын хэрэгжилт хангалтгүй байдаг талаар тэрбээр жишээ татан онцолсон. Үүнээс улбаалан манай улсад хуулийн “зуд” нүүрлэж, хэрэгжих нь хомсдох шалтгаан үүссэн нь хууль дээдлэх үзэл, зарчим, үнэт зүйлд хохирол учруулж байна гэв. Тиймээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хууль санаачлагчдын “... эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн нэмэлтийг оруулсан. Хуулийн эцсийн зорилго нь хүн бус хууль засаглахад оршдог гэж Н.Лүндэндорж доктор хичээлээ заасан.

Сургалтад амжилттай оролцогчдод гэрчилгээ гардуулж, кредит цаг тооцож гэрчилгээ олгох арга хэмжээгээр тус 2026 оны 02-р сарын 10-наас 13-ний хооронд үргэлжилсэн сургалт өндөрлөсөн юм.