Хэлэлцүүлэг
Хууль сахиулах байгууллага болон хамтын менежментийн нөхөрлөлийн хамтын ажиллагааны сайн туршлага
Хэлэлцүүлгээр Лондоны амьтан судлалын нийгэмлэгээс хэрэгжүүлсэн “Mонголын экологийн цагдаа: дэлхийн жишгээр ажиллаж, нутгийн иргэдтэй түншлэх нь” төслийн сайн туршлага, анхаарах асуудлыг хөндөн хэлэлцэв. Тус төслийн хүрээнд байгаль хамгаалах үүрэг бүхий хууль сахиулах байгууллагууд иргэдтэй хамтран ажилласнаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй үр дүнтэй тэмцэж, ойт хээрийн бүсийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад иргэд хувь нэмрээ оруулж чаджээ. Тухайлбал 2023 онд ХМЗ-н хүрээнд 48 цагийн хамтарсан эргүүл, хяналт шалгалтаар 62 зөрчил илрүүлжээ.
Монголын байгаль орчны иргэний зөвлөл “Байгаль хамгаалагчийн нийгмийн баталгаа, эрх зүйн байдлын талаарх” судалгааны үр дүнг танилцуулж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад байгаль хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой болохыг өөрсдийн хэрэгжүүлсэн сайн туршлагаар онцлов.
Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тус хөтөлбөрийн сайн туршлагыг бусад сумдад түгээн дэлгэрүүлэх нөхцөл боломж, гарц гаргалгааг хэлэлцэв. Үүнд орон нутгийн удирдлагууд болон иргэд, төр, ТББ-н хамтын ажиллагаа чухал бөгөөд мөн үйл хэргийг орон нутгийн удирдлагууд дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.