Энэ жилийн бага хурлаар Нэгдсэн Үндэстний Их Сургуулийн Тогтвортой хөгжлийн боловсролын ахисан түвшний сургалтын хүрээлэн (НҮИС-ийн ТХБАТСХ) - ээс санаачилсан “Дэлхий дахины RCE сүлжээ” байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж буйгаараа онцлог юм.
"Тогтвортой ирээдүйн төлөө суралцах үйл явцыг эргэн харах нь: RCE-ийн 20 жилийн үйл ажиллагаа, ололт амжилт" сэдэв дор зохион байгуулсан энэхүү бага хурал RCE-ийн гишүүдэд өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ хамтын аяллын талаар эргэцүүлэн бодох, мэдлэг мэдээллээ хуваалцах, ололт амжилтаа тэмдэглэх, цаашдын алхмаа тодорхойлох чухал орон зайг бүрдүүлж өгөв.
Бага хурлаар 20 жилийн түүхийг харуулсан гол илтгэлүүд, нэгдсэн болон салбар хуралдаан, олон сонирхолтой семинараар дамжуулан тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр дэлхийн RCE-үүдийн санаачлан хэрэгжүүлсэн төслүүдээс танилцуулж, залуучуудын оролцоог дэмжих, боловсролын салбарт ажиллагсдын чадавх бэхжүүлэх, суралцахуйн орчны өөрчлөлт, инновацийг дэмжих шинэ технологи зэрэг сэдвээр хэлэлцэв. Мөн RCE-ийн 20 жилийн түүхийг харуулсан ойн номыг танилцуулан орон нутгийн иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэхэд түлхэц болсон шилдэг төслүүдэд шагнал гардууллаа.
Энэ удаагийн хурлын онцлох үйл явдал нь тогтвортой ирээдүйн төлөөх “Окаяамагийн тунхаглал 2025” - ыг батлан гаргасан явдал байв. Уг тунхаглалд, тогтвортой ирээдүйг бид боловсролоор дамжуулан бүтээж чадна гэсэн дэлхийн RCE сүлжээний алсын харааг тусган тунхаглаж, уриалж буй юм.
Бага хурлыг Японы Байгаль орчны яам болон Окаяама Их Сургуулийн дэмжлэгээр НҮИС-ийн ТХБАТСХ, RCE Oкаяама болон Окаяама хотын захиргаа хамтран зохион байгуулав.
ХЗС-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас RCE Mongolia-ийн үйл ажиллагааг дэмжин уг бага хуралд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн төлөөллийг оролцуулж дэлхийн RCE-үүдээс суралцах, хамтын ажиллагаа тогтоох боломжийг бүрдүүлж өглөө.