Print logo

Шүүхийн шинжээчдийн сургалт
ДНХ баркодингийн талаар ШШЕГ-н шинжээчид мэргэжил дээшлүүлэв

2023 оны дөрөвдүгээр сарын 17-21-ний хооронд Бавари муж улсын Амьтан, ургамлын мэдээллийн төвийн эксперт Каролина Шимено болон Др. Э.Хишигдэлгэр нарын удирдан явуулсан ДНХ баркодингийн сургалтад ШШЕГ-ийн генетик, экологийн лабораторийн шинжээчид болон МУИС, МУБИС, ДХИС-ийн молекул, генетикийн судлаачид нийлсэн 20 орчим хүн хамрагдлаа.

Сургалтад оролцогчид амьтан, ургамлын мэдээллийн санг бүрдүүлэхэд шаардлагатай баркодингийн онолын мэдлэг, практик туршлагыг танхимын сургалт болон лаборатори дахь туршилтаар олж авлаа. Тухайлбал, олон улсад нээлттэй ДНХ-ийн мэдээллийн сангаас шаардлагатай мэдээллийг хайх, татах, өгөгдөл оруулах, дээж цуглуулахаас эхлээд хадгалах, шинжлэх, анализ хийх, генетикийн дарааллыг тогтоох, мэдээллийн санд оруулах гэх мэт баркодингийн алхам бүрийг олон улсын стандартын дагуу зөв хийх талаар эрчимжүүлсэн сургалтыг 5 хоногт орлоо. 

Монгол улсад хүрээлэн буй орчны эсрэг түгээмэл үйлдэгддэг гэмт хэргүүд болох хууль бус ан агнуур болон байгалийн ургамлыг бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэхэд эдгээр амьтан, ургамлын ДНХ-ийн мэдээллийн санг бүрдүүлэх шаардлагатай юм. Иймд Ханнс-Зайделийн сангийн байгаль орчны эрх зүй төслийн хүрээнд Монгол орны амьтан, ургамлын ДНХ мэдээллийн санг бүрдүүлэхэд шинжээчдийг чадавхжуулах зорилгоор Германаас экспертүүд урьж, ГХУСАЗЗАА, ШШЕГ-тай хамтран энэхүү сургалтыг амжилттай зохион байгууллаа.  

Тус сургалт нь амьтан, ургамлын ДНХ баркодингийн чиглэлээр олон улсын экспертын удирдлага дор зохион байгуулсан анхны сургалт бөгөөд дараагийн сургалтуудыг Монгол болон Германд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн сангийн байгаль орчны төслийн хүрээнд ШШЕГ-ын 3 шинжээч дөрөвдүгээр сарын 23-с тавдугаар сарын нэгний хооронд ХБНГУ-ын Бавари муж улсын Цагдаагийн давтан сургалтын төвд хэргийн газрын үзлэг, шинжилгээ хийх чиглэлээр сурч байна.