Print logo

Салбар хуралдаан & үндэсний чуулган
Монгол орны усны асуудлыг хэлэлцлээ

03 сарын 20-24-ний өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбар хуралдаан болон үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгууллаа.

Үндэсний чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцлоо.

 

“Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор зохион байгуулсан салбар хуралдаанууд дараах сэдвийг хамарсан.

  • “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд”,
  • “Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд”,
  • “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд”

Ханнс-Зайделийн сангийн байгаль орчны эрх зүй төслийн хүрээнд 3 дахь салбар хэлэлцүүлэг буюу “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” хуралдааныг МБОИЗ-ийн хамт дэмжин оролцлоо. Энэ үеэр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг цогцоор нь шинэчилж сайжруулах, усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах тухай асуудал хурцаар хөндөгдсөн юм. Иймд усны салбарын эрх зүйн орчныг сайжруулахад холбогдох яамдууд анхаарч, үүнд олон улсын байгууллагуудыг дэмжин оролцохыг уриаллаа.

 

Байгаль орчин, тэр дундаа усны нөөцийг хамгаалах тухай асуудал нь дэлхийн дулааралтай тэмцэж байгаа өнөө үед дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Герман улсын хувьд усны зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг боловсролоор дамжуулж иргэддээ багаас нь ухамсарлуулдаг туршлагыг сангийн тэргүүн Феликс Гленк хуваалцлаа.

 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна. Иймд үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн усны тухай асуудлыг үндэстнээрээ хэлэлцэж, хамгаалах цаг болсныг салбар хуралдаан болон чуулганы оролцогчид онцлов.

 

Үндэсний чуулганы үеэр салбар хуралдаануудад хэлэлцэгдсэн асуудлуудыг багцлан танилцуулж, нийт 4 зүйл, 19 заалт бүхий зөвлөмжийг боловсруулан, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг үе шаттайгаар хангах даалгаврыг өглөө. Тухайлбал, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах зөвлөмжийг өгөв.