Print logo

Сургалт
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт боллоо

Ханнс-Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Шүүхийн ерөнхий зөвлөлийг хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 15-23-ны өдрүүдэд “Хууль тайлбарлах, хэрэглэх, шүүхийн процесс ба шийдвэрийн төсөл боловсруулах арга зүйд суралцах” сургалтыг танхимын хэлбэрээр 3 ээлжээр зохион байгуулахад дэмжин ажиллаа.

Тус сургалтын зорилго нь шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэхээс гадна 2022 оны 08 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хуульчийн мэргэжлийн шалгалт”-д оролцох шүүхийн захиргааны ажилтнуудыг тус шалгалтад бэлтгэхэд анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлоготой бөгөөд сургалтыг Захиргааны эрх зүйн чиглэлээр Удирдлагын академийн Эрх зүйн танхимын эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор А.Алтанзул, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Иргэний эрх зүйн чиглэлээр Улсын Дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Р.Пүрэвбаатар, Эрүүгийн эрх зүйн чиглэлээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, докторантур Т.Золбоо нар удирдан явууллаа.

Сургалтад 41 шүүхийн тамгын газраас нийт 277 шүүхийн захиргааны ажилтан хамрагдав.