Print logo

“Байгаль орчны салбар дахь Монгол Улс нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилт-” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол улс 1993 оны 9-р сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцод анх нэгдэн орсноос хойш одоогоор манай улс Байгаль орчны чиглэлийн 12 конвенц, тэдгээрийг дагалдаж гарсан 5-н протоколыг соёрхон баталснаар албан ёсны “Тал” болсон. Манай улс тус конвенцуудын дагуу урт, богино хугацааны стратеги төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулсан сайн талтай авч эдгээр гэрээ конвенцуудын хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүд тодорхойгүй байгаа нь хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт бүрэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Тиймээс Хансс Зайделийн сан БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-тэй хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгийг дэмжин оролцлоо.

 

Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд гээд олон талын оролцогчид, судлаачид өөр өөрийн өнцгөөс судалж шинжилсэн илтгэлүүдтэй танилцаж, санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчны салбарт Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийн талаар нэгсэн мэдээллийн сан байдаггүйгээс иргэд хангалттай мэдээлэл авч чаддаггүй, судлаачдад мэдээллийн олдоц дутмаг байгааг шүүмжиллээ. Тиймээс иргэд олон нийтэд мэдээлэл түгээх, хариуцаж буй төрийн байгууллагын зүгээс нэгдсэн мэдээллийн санг бий болгоход анхаарч ажиллахыг оролцогчид санал болгон дараах зөвлөмжийг гаргав.

  • Олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил хийж иргэдэд танин мэдүүлэх,
  • Конвенцын хүрээнд үндэсний бага хурлыг зохион байгуулах замаар мэдээллийн сангийн нэгдсэн баримтыг цуглуулах, судалгаа, хамгааллын ажлыг нэгтгэн дүгнэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох,
  • Нэгдэн орсон конвенц, протоколын хэрэгжилт, үр дүнг дүгнэх шалгуур үзүүлэлт гаргах болон бусад саналууд

Зөвлөмжийг хэрэгжүүлснээр мэдээллийг илт тод болгож, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд тулгамдаж буй асуудлууд, байгаль орчны салбарт Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын дагуу хамгаалагдаж байгаа эсэхийг үнэлж, дүгнэхэд хялбар болох юм. Энэ нь Монгол улсын байгаль хамгааллын тогтолцоог сайжруулах ач холбогдолтой юм.  

 

Зураг