Print logo

Төхөөрөмжийн туслалцаа
Экологийн цагдаагийн албанд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө

Ханнс-Зайделийн сан нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах, илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албаны үйл ажиллагаанд шаардлагатай завь болон бусад дагалдах хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бусаар ашигт малтмал олборлохтой холбоотой ус бохирдуулах гэмт хэрэг, зөрчил нь гол мөрнийг даган үйлдэгддэг тул экологийн цагдаагийн алба хаагчид явганаар болон машинаар хүрэх боломжгүй газруудад хяналт шалгалт хийхэд завь нэн шаардлагатай юм. Ханнс-Зайделийн сангаас завь болон бусад дагалдах хэрэгслүүдийг хүлээлгэн өгснөөр экологийн цагдаагийн албаны үйл ажиллагааны үр дүнд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тус албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар онцоллоо.

Ханнс-Зайделийн сан нь 2022 оноос эхлэн хүрээлэн буй орчны эрх зүй төслийн хүрээнд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, алба хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлуудыг амжилттай зохион байгуулсаар ирсэн.

Энэ удаад тус албанд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлснээр Монгол орны байгаль, экологийг хамгаалах, түүний эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад ахиц гарна гэдэгт найдаж байгаагаа Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн н. Феликс Гленк илэрхийлсэн юм.

Сан нь энэ онд хүрээлэн буй орчны чиглэлээр Монгол-Герман байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, Германы мэдлэг туршлагыг Монголын түншлэгч байгууллагуудтай хуваалцах чиглэлд олон ажлыг төлөвлөөд байна.