Print logo

Дотоод хэргийн их сургуулийн сургалтад хэрэгцээтэй төхөөрөмжүүдийг хүлээлгэж өглөө

Ханнс-Зайделийн сан нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, шинжлэн магадлах зэрэг арга зүйн талаар сургалт явуулахад техник хэрэгслийг сайжруулах зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтийн Экологийн шинжилгээний лабораторид дрон, байршил тогтоогч зэрэг төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Монгол улсад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, ШШЕГ-ын Экологийн лаборатори зэрэг нь байгуулагдаад удаагүй байгаад бөгөөд тэдгээрийн алба хаагчдыг Дотоод хэргийн их сургуульд бэлтгэж байна. Тус сургуулийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, хэргийн газрын үзлэг шинжилгээ хийх сургалтын баазыг сайжруулах нэн хэрэгцээтэй байгаа тул Ханнс-Зайделийн сангаас хүлээлгэн өгч буй төхөөрөмжүүд нь сургалтын чанар, үр дүнд ахиц гаргана гэдгийг тус сургуулийн дэд захирал, доктор, цагдаагийн хурандаа Т.Зоригт онцоллоо.

Ханнс-Зайделийн сангийн хүрээлэн буй орчны эрх зүйн төсөл нь байгаль орчны хууль тогтоомжуудын хэрэгжилтыг хангахад дэмжлэг үзүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ төслийн хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг сургах сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.