Print logo

Уулзалт
Ази, Номхон далайн бүсийн RCE-үүдийн 15 дахь удаагийн уулзалт боллоо

2023 оны 9-р сарын 14-16-ны өдрүүдэд БНСУ-ын Тунгёон (Tongyeong) хотын RCE (Regional Center of Expertise) буюу Бүс нутгийн чадавхийн төвд “Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан тогтвортой нийгмийн бүлгийг чадавхжуулах нь” сэдэвт бүс нутгийн 15 дахь удаагийн уулзалт боллоо. Энэ уулзалтын үеэр Ази, Номхон далайн бүсийн орнуудийн RCE-үүд харилцан мэдлэг, туршлагаа солилцож, хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй ярилцсан юм.

Уулзалтад Ханнс-Зайделийн сангийн БНХАУ-ын Жэжян муж дахь төлөөлөгчийн газар, Монгол болон БНСУ дахь төлөөлөгчийн газрууд оролцов. Тэдний дэмжлэгээр Ханжөу болон Сүжоу дахь RCE-ууд, МУИС-ийн Экологийн боловсролын төв, Эдүкэйтэд Энтерпрайз төвийн мэргэжилтнүүд оролцлоо. Танхим болон онлайн хосолсон 3 өдрийн уулзалтад бүс нутгийн 14 орны 33 RCE-ийн 130 гаруй мэргэжилтэн оролцож, бие биенээсээ харилцан туршлага судалж, цаашид хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлсэн юм.

 

2003 онд НҮБ-ын Их сургуулийн Тогтвортой байдлын Ахисан түвшний судалгааны хүрээлэн (UNU-IAS) нь НҮБ-ын тогтоолын дагуу Тогтвортой хөгжлийн боловсрол (ESD) төслийг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь дэлхий даяарх RCE буюу Бүс нутгийн чадавхийн төвүүдийн олон талт сүлжээ болон Ахисан түвшний боловсрол, судалгааны тогтвортой байдлыг дэмжих боловсролын байгууллагуудын сүлжээг бий болгох замаар судалгаа, хөгжүүлэлтэд анхаардаг. Өдгөө дэлхий даяар 190 гаруй RCE үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 74 нь Ази, Номхон далайн бүс нутагт байдаг. БНСУ-ын Тунгёон хот дахь RCE нь 2005 онд байгуулагдсан бөгөөд анхны RCE-үүдийн нэг юм.

Тус хотод зохион байгуулагдсан 15 дахь удаагийн бүс нутгийн уулзалтын эхний өдөр оролцогчид өөр өөрсдийн RCE-үүдийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд энэ үеэр МУИС-ийн Экологийн боловсролын төвийн багш Р.Сүнжидмаа төвийнхөө үйл ажиллагаа болон Ханнс-Зайделийн сантай хамтран хэрэгжүүлж буй төслийнхөө талаар товч илтгэл танилцуулав. Мөн энэ өдөр оролцогчид “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуульд зочлохын зэрэгцээ тосгоны иргэд тогтвортой хөгжлийн төлөө хэрхэн хувь нэмрээ оруулж байгаатай танилцсан юм. Уулзалтын хоёр дахь өдөр харилцан туршлага солилцох семинарыг зохион байгуулж, бүс нутгийн RCE-үүд хэрхэн хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцав. Сүүлийн өдөр Голли арал дээрх ахмадууд Тунгёоны RCE-ийн дэмжлэгээр насан туршийн боловсролд хэрхэн хамрагдаж байгаатай танилцлаа.

 

Ханнс-Зайделийн сангийн БНХАУ-ын Жэжян муж болон Монгол улс дахь төлөөлөгчийн газрууд нь ТХЗ-д хүрэх дэлхийн хүчин чармайлттай уялдуулан Тогтвортой Хөгжлийн боловсролыг дэмжих зорилгоор Ази, Номхон далайн бүс нутагт RCE-г тууштай дэмжих болно. Сан нь үүгээр дамжуулан бүс нутаг болон цаашлаад дэлхий дахинд тогтвортой байдал, байгаль орчноо хамгаалах мэдлэг, ухамсар, нийгмийн хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахыг зорьж байна.