Print logo

НҮБ-ын Уур амьсгалын бага хурал
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал UNFCCC COP28-д оролцлоо. "Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох нь" сэдэвт энэ удаагийн хуралдааны зорилго нь энэ чиглэлээр дэлхий дахинд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхижүүлэх байлаа.

Бага хуралд Монгол дахь ХЗС-ийн төлөөлөл Ойрхи дорнод - Хойд Африкийн бүсийн төлөөлөгчид болон GMACC хөтөлбөрийн оролцогчдод зориулан Монголд тулгарч буй сорилт бэрхшээл, боломжуудын талаар илтгэл тавьлаа. 

ХЗС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч н. Ф. Гленк дэлхий дахинд нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт Монголд хэрхэн нөлөөлж буй, Монголд хэрэгжиж буй байгаль орчны эрх зүйн төсөл хөтөлбөрүүд, иргэдийн экологийн ухамсрыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг сайжруулах чиглэлд хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад шүүх байгууллагын гүйцэтгэх үүргийн талаар COP ихээхэн анхаарч буй нь нэгэн онцлог зүйл байв. Ялангуяа Монголд энэ нь улам бүр чухал болж байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал COP28 нь дэлхий дахиныг хамарсан нетворкинг үүсгэж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, түүнд дасан зохицох шинэ санаа, санаачлагыг дэвшүүлэх талбар юм.

Уг хуралд тус сангийн төлөөлөгчөөс гадна Монгол дахь НҮБ-ын Залуу үеийн төлөөллийн хөтөлбөрийн төлөөлөгчид оролцлоо. Уг хөтөлбөрийг ХЗС дэмжин ажилладаг бөгөөд монголын ирээдүйн залуу удирдагчдын анхаарлыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт рүү чиглүүлэхэд анхаардаг.

 

Монгол дахь Ханнс-Зайделийн сан нь БНСУ-ын Сөүлд төвтэй Азийн бүс нутгийн төслийн бүрэлдэхүүнд хамаардаг. Тус сан нь East Asian – Australasian Flyway Partnership (EAAFP)-тай хамтран Монгол - ОХУ-аар дамжин Австрали, Шинэ-Зеланд хүртэл үргэлжилсэн нүүдлийн шувуудыг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Тус сан энэхүү үйл ажиллагаагаа цаашид Төв Азийн нүүдлийн шувуу хамгаалах сүлжээг үүсгэн өргөжүүлэхээр зорьж байна. Энэхүү сүлжээ нь Төв Азиас Энэтхэг хүртэл нүүдэллэдэг шувуудыг хамгаалахад чиглэх юм.

Ийнхүү нетворк үүсгэн хамтран ажиллах эхний алхам 2023 оны 2-р сард Узбекистаны Самарканд хотод болсон бага хурлын үеэр хийгдсэн. Амжилттай хэрэгжих гол нөхцөл нь нүүдлийн шувуудыг хамгаалах хууль тогтоомж гаргах, дэлхий даяар хамтран ажиллах явдал юм.