Print logo

Сургалт
“Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх нь”

Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, зөв арга техникээр мэргэжлийн түвшинд бэхжүүлэн, нотлох баримтыг бүрдүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэжигтний гэм буруутай үгүйг нотлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Тиймээс Нийслэлийн шүүх шинжилгээний 3 ахлах шинжээчид ХБНГУ-н Бавар мужийн Ainring хот дахь Цагдаагийн давтан сургалтын төвийн эрүүгийн нэгдүгээр тэргүүн комиссар /EKHK/ Dominik Müller багшийн “Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх нь” сэдэвт сургалтад амжилттай оролцон, харилцан туршлага солилцоод ирлээ.

 

Хэргийн газарт мөр илрүүлэхэд хүн амины хэрэг,  хулгайн хэрэг эсвэл байгаль орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг эсэхээс үл хамааран нэг л зарчим үйлчилдэг: „Мөрөө үлдээдэггүй хэргийн газар гэж үгүй. Хэргийн газарт нэг бол байсан зүйл алга болсноор, эсвэл байгаагүй мөр шинээр бий болж мөр үлддэг” хэмээн Dominik Müller багш дурдав.

Оролцогчид практикт суурилсан  сургалтаар дамжуулан хурууны хээ, хөлийн мөрний хээ, биологийн гаралтай мөр буюу цус, үрийн шингэн, үс зэрэг эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлэх арга технологиудад суралцан, үүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд түүнчлэн химийн урвалж бодисуудтай ажиллаж, туршилт хийв. Түүнчлэн сургалтын үеэр оролцогчдод EKHK Dominik Müller багшийн ажиллаж байсан бодит хэргийн тэмдэглэлтэй танилцах боломж тохиов.

Сургалт үр дүнтэй байсан тул хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд энэ төрлийн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа тус сургалтын төвийн захирал ноён Др. Buggisch илэрхийлэв.   

 

4 өдөр үргэлжилсэн сургалтын дараа оролцогчид Мюньхэн хот дахь Ханнс-Зайделийн сангийн төв дээр очиж сангийн Төв болон зүүн хойд Азийн төсөл хариуцсан хэлтсийн дарга хатагтай Veroniker Eichinger - тай уулзаж, төслийн үйл ажиллагаатай танилцахын сацуу сургалтын тухай санал сэтгэгдлээ хуваалцаж, халуун яриа өрнүүлсэн билээ. 

 

Төгсгөлд нь Бавар муж улсын эрүүгийн цагдаагийн албаны (BLKA) нэгдүгээр комиссар, КТИ-н захирал ноён Herrler Bernhard,   Олон улсын хамтын ажиллагааны ажилтан, эрүүгийн албаны тэргүүн комиссар ноён Thorsten Konrad, гүйцэтгэх захирал Kerstin Gonda болон Химийн шинжилгээний лабораторийн захирал Dr. Jürgen Bügler нартай уулзаж, тус албаны хими, биологийн лабораториудтай танилцахын зэрэгцээ хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд BLKA Монгол улстай бүх түвшинд хамтарч ажиллах боломжтой болохоо илэрхийлэв.

 

Ийнхүү шинжээчид маань ХБНГУ-н Бавар муж улсын цагдаагийн давтан сургалтын төв болон эрүүгийн албаны мэргэжилтнүүдээс суралцан, хамтран ажиллах нөхцөл боломжийг судлах зорилгоо биелүүлэн нутагтаа ирлээ.

 

Бусад үйл явдал