Print logo

Танин мэдэхүйн хичээл
“Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба Хууль” төсөл хэрэгжиж дууслаа

МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран “Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль” төслийг энэ оны 4-10 дугаар саруудад амжилттай хэрэгжүүлж, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн гэр хорооллын сургуулиудын 5000 сурагчдад экологийн болон хүрээлэн буй орчны эрх зүйн анхан шатны боловсрол олгосон юм.

Төсөлд хамрагдсан хүүхдүүд “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Танин мэдэхүйн хүлэмж”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг сонирхолтой өртөөгөөр аялж байгалийг бодит орчинд нь бүх мэдрэхүйгээр мэдэрч танилцсанаас гадна байгаль орчны хууль, эрх зүйн “Амьд үлдээгээч!” өртөөгөөр аялж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор хохирол, торгууль шийтгэл, түүнээс сэргийлэх аргатай танилцан анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Энэхүү өртөөг Экологийн цагдаагийн албаны ажилтан хөтлөн явуулсан нь зочин хүүхдүүдэд бас нэгэн сонин содон үйл явдал болов.

 

Энэхүү төслийг Ханнс-Зайделийн сангийн хүрээлэн буй орчны эрх зүй төслийн хүрээнд олон нийтэд байгаль орчныг хамгаалах болон түүний хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох зорилго, чиг үүргийн хүрээнд хамтран зохион байгуулсан юм.

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ф.Гленк

Хүүхдүүд бол бидний хойч ирээдүй. Тиймээс тэдэнд, тэр тусмаа өсвөр үеийнхэнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсрол олгох нь тун чухал юм. Ханнс-Зайделийн сан хууль, эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд энэ жилээс байгаль орчны эрх зүйн чиглэлээр шинэ төслийг эхлүүлээд байна. Энэ төслийн хүрээнд бид Экологийн боловсролын төвтэй хамтарч энэхүү сургалт-аяллыг зохион байгуулж буй бөгөөд төслийн үр дүнд өсвөр үеийнхэн экологийн боловсролтой болохоос гадна хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэлтэй болж байгаль орчны хууль, эрх зүйн тодорхой ойлголттой болох юм.

Экологийн боловсролын төвийн ахлах багш Др.Р.Сүнжидмаа:

Юуны өмнө энэхүү төслийг ивээн тэтгэж дэмжин ажилласан ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон бусад дэмжигч нарт гүнээ талархаж байна. Төсөлд 5000 хүүхэд хамрагдсан. Тэд “Урьд нь хэзээ ч үзэж байгаагүй зүйлээ үзлээ. Байгаль гэж ямар гайхамшигтай юм бэ? Би энэ сургуульд сурмаар байна. Магадгүй би ийм мэргэжилтэй болох байх аа. Үнэхээр гайхалтай. Маш сонирхолтой, маш гоё. Үнэхээр гоё, үнэхээр сонирхолтой. Олон хүүхэд үзээсэй. Бидэнд ийм боломж олгосонд маш их баярлалаа” гэх мэтээр олон мянган сэтгэгдэл ирүүлсэн байгаа. Төслийн ивээн тэтгэгчид энэ үйл ажиллагаагаараа өсвөр үеийнхний сурч боловсрох, танин мэдэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа гэж би дүгнэж байна. Тэд маш сайхан үйлийг эхлүүлж, маш сайн жишиг тогтоолоо. Тэдний дэмжлэгээр бид энэхүү сургалтад тэр бүр хамрагдаж чаддаггүй, хол сургуулиудын олон мянган хүүхдэд хүрч ажиллан, тэдэнд байгалийн гайхамшгийг мэдрүүлж, танин мэдэх эрмэлзлийг нь бадрааж чадлаа. Энэ сайхан жишгийг хойшид олон хүн, байгууллага дэмжин, дүүргийнхээ хүүхдүүдийг манай танин мэдэхүйн аялал-сургалтад хамруулж хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

Үйл ажиллагааны зургийн цомог (доорхи зураг дээр дарж үзнэ үү)