Print logo

Техникийн дэмжлэг
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Феликс Гленк МУИС-ийн Экологийн боловсролын төвд “Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим”-ыг хүлээлгэн өглөө

Ханнс-Зайделийн сан нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд байгаль орчны санаачлагуудыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд МУИС-ийн дэргэдэх Экологийн боловсролын төвтэй хамтран “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийг хоёр дахь жилдээ дэмжин ажиллаж байна. Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл 8000 гаруй сурагч хамрагдаад байгаа бол энэ намар 2000 гаруй хүүхэд хамрагдах юм. Уг хөтөлбөрт зориулсан анги танхимыг тус сангийн дэмжлэгээр тохицуулсныг хүлээлгэн өгөх ажиллагаа 10 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

“Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим” нь сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор хичээлүүдийг интерактив байдлаар заах зориулалттай. Үүнд сурагчдын анхаарлыг байгаль орчны эрх зүйн сэдэвт чиглүүлэх үүднээс эрх зүйн мэдээллийг самбарт зураг дүрслэлээр тайлбарлан байршуулсан. Самбар дээр эрх зүй, хүрээлэн буй орчин, ховор болон нэн ховор амьтад, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээллийг багтаасан.

Уг танхимын гол хэсэгт “Хууль ба миний орчин” сэдэвт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, түүний хор уршиг, сэргийлэх арга замыг таниулах самбарт “Хууль ба байгалийн үйлчилгээ”, “Хууль бусаар ан агнах”, “Хууль бусаар мод бэлтгэх”, “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах” гэсэн 4 сэдвээр ХЗС-ийн "Эрх зүйн тухай энгийнээр" цуврал видео контентын агуулгыг бичиг, зурган хэлбэрээр үзүүлсэн бөгөөд самбар тус бүр дээрх QR кодыг уншуулж холбогдох видеог үзэх юм. Эдгээр нь сурагчдад гэртээ очоод тухайн сэдвээр илүү дэлгэрэнгүй судлах боломж олгох юм.

Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд илүү анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Энэхүү сургалтын хөтөлбөрөөр дамжуулан бидний ирээдүй болсон хүүхдүүд байгальд илүү ээлтэй хандана гэдэгт найдаж байна.