Print logo

Дадлагын ажил
Төлөөлөгчийн газарт дадлагын ажлаа хийж буй залуус

Дөнгөж хоёр долоо хоногийн өмнө тус сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт нэгэн зэрэг 3 дадлагажигч ажиллаж байсан бол өдгөө тэдний нэг нь л үлдээд байна. ХБНГУ болон Монгол улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй оюутнууд тус санд дадлага хийснээр сангийн үйл ажиллагаатай танилцаад зогсохгүй сурсан мэдсэнээ батжуулах, хөдөлмөрийн харилцааны талаар анхан шатны ойлголт, мэдэгдэхүүн олж авах боломжтой юм.

Бид та бүхэнд тус сангийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаатай танилцан хувь хүний давуу талаа нээн илрүүлэх боломж санал болгож байна. Дадлагаар ажиллагсад судалгааны ажлаас эхлээд фото зураг авах, видео бичлэг боловсруулах, цахим хуудас хөгжүүлэх гэх зэрэг өөрт буй чадвар, давуу талаа ашиглан төрөл бүрийн үүрэг даалгавар гүйцэтгэнэ.

Ханнс-Зайделийн сан танд судалгааны ажил хийх чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ сангаас зохион байгуулж буй үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулж, үндэсний болон олон улсын байгууллагуудын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, хувь нэмрийн талаар тодорхой ойлголттой болж, тэдгээрийн төлөөлөлтэй биечлэн уулзаж хүрээллээ тэлэх боломжийг нээдэг. Түүнчлэн өөрийн орныг илүү таньж мэдэн, үнэ цэнээ мэдрэх, бусдад түгээх чадвартай болно.  

 

Б.Тэлгүн

Тус санд дадлагаар ажилласан Б. Тэлгүн нь их сургуульд суралцахынхаа хажуугаар Ханнс-Зайделийн санд жил хагасын өмнөөс 3 удаа дадлагажигчаар ажилласан. Компьютер, технологийн өндөр мэдлэгтэй түүнд олон тооны техникийн холбогдолтой ажил үүргийг хариуцуулж байв. Тэрээр мөн сангаас зохион байгуулсан үйл ажиллагааны зураг, бичлэгүүдийг монтажилж богино хэмжээний контент хийж байлаа.  Түүнчлэн төлөөлөгчийн газрын Facebook, Instagram зэрэг нийгмийн сүлжээн дэхь сайтуудын хөгжүүлэлтийг хариуцан ажилласан.

Б. Тэлгүн МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйчээр сурдаг бөгөөд төгсөлтийн шалгалтдаа бэлтгэх шаардлагаар дадлагын ажлаа өндөрлөж байна. Төлөөлөгчийн газрын хамт олны зүгээс Б.Тэлгүнд тус сангийн үйл ажиллагаанд өнгөрсөн хугацаанд ихээхэн хувь нэмэр оруулж дэмжлэг үзүүлж ирсэнд гүнээ талархал илэрхийлье! Түүний цаашдын сурлага, хөдөлмөрт нь бид өндөр амжилт хүсч байна.

 

М. Шипке

Мельким Шипке нь энэ оны гуравдугаар сарын сүүлээс тус санд дадлага ажлаа эхлүүлсэн. Тус сангийн Монгол дахь төлөөлөөгчийн газрын тэргүүн Феликс Гленкээс гадна санд ажиллаж буй цорын ганц герман ажилтны хувьд төлөөлөгчийн газрын хамт олонд герман хэл дээр эх бэлтгэх, боловсруулахад чухал хувь нэмэр оруулдаг. Тэрээр судалгааны ажил, орчуулгын ажлаас гадна сангийн цахим хуудаст сайжруулалт хийхэд хөндлөнгийн санал, зөвлөгөө өгч Европын өдөрлөгт зориулсан хөгжөөнт тоглоомын хүрдийг өөрийн гараар хийсэн. Дадлагын ажлаа амжилттай бөгөөд хариуцлагатай гүйцэтгэсэн Мельким Шипке-д Төлөөлөгчийн газрын хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. 

 

Г.Төгөлдөр

Г. Төгөлдөр нь өнгөрсөн оны сүүлээс өөрийн мэдлэг чадвараараа сангийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Тэрээр англи хэлний төгс мэдлэгээ ашиглан сангийн үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Төгөлдөр судалгааны ажил хийхийн хажуугаар төсөлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд сангийн нийт багийнханд өдөр тутмын шинэ мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг. Тэрээр 9-р сарыг дуустал санд дадлага ажлаа үргэлжлүүлэн хийх бөгөөд залгуулаад ХБНГУ-д магистрын сургалтад хамрагдахаар төлөвлөөд байна. Түүний хичээнгүй, нямбай байдал нь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэртэй байгааг дурдахад таатай байна. 

 

Ханнс-Зайделийн санд дадлага хийх урилга

Санд дадлагын ажлаа хийсэн буюу хийж буй дээрхи залуусдаа цаашдын ажил үйлсэд нь  хамгийн сайн сайхан бүхнийг хүсэхийн зэрэгцээ тус санд шинээр дадлага хийхээр сонирхож буй залуус та бүхнийг бидэнд дадлага хийх хүсэлтээ info(at)hssmongolia.mn хаягаар ирүүлэхийг урьж байна.

Та бүхэн тус хаягаар өөрийн товч танилцуулга бүхий дадлага ажил хийх хүсэлт (motivation letter), хүснэгт хэлбэрээр бичсэн товч намтар болон бусад шаардлагатай гэж үзсэн бичиг баримтуудаа ирүүлээрэй.