Print logo

Туршлага судлах айлчлал
Монголын хуульчид Европыг зорьлоо

Гурван арваны тэртээгээс Ханнс-Зайделийн сан шүүхийн хөгжлийг дэмжих замаар эрх зүйт төрт ёс, ардчилал бэхжих үйл явцыг эрчимжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Энэ нь зөвхөн хоёр орны хооронд төдийгүй Монгол-Европын хоорондох шүүхийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэж байна.

Гуравдугаар сарын 18-наас эхэлсэн энэхүү айлчлалын хүрээнд монголын хууль, шүүхийн салбарын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, харилцаа холбоогоо идэвхижүүлэх зорилгоор Брюссел, Люксембург зэрэг хотуудад байрлах Европын Холбооны хууль, шүүхийн салбарын голлох байгууллагуудаар зочилж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УДШ, УЕПГ, ХЭҮК болон ХЗҮХ-ийн багтсан байна.

 

Төлөөлөгчид Брюссел дэх ЕХ-ны Гадаад хэргийн яаманд зочилж Монгол Улс болон ЕХ-ны улс төрийн харилцаа, Монгол-Европын харилцан ойлголцлын асуудлаар санал солилцож Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн удирдлагатай уулзан шүүхийн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх боломжийн талаар мэдээлэл солилцлоо.

 

Европын Зөвлөлд хийсэн уулзалтын үеэр Монгол улс Европын бүс нутагтай эрүүгийн эрх зүйн чиглэлд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх конвенци болон Будапештийн конвенцид нэгдэн орох боломжийн талаар санал солилцов. Залгуулаад төлөөлөгчид Ханнс-Зайделийн сангийн Брюссел дэх төлөөлөгчийн газраас зохион байгуулсан “Залуу эмэгтэй удирдагчдыг дэмжих нь” сэдэвт арга хэмжээнд оролцлоо.

 

Айлчлалын хоёр дахь өдөр төлөөлөгчид Европын парламентаар зочлов. Төлөөлөгчид Европарламентийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга, Марион Вальсман-ы дэмжлэгтэйгээр уг байнгын хорооны хуралдаанд ажиглагчаар оролцож тус парламентын хууль зүйн тулгамдсан асуудлын талаар тодорхой ойлголт авав. Мөн тус Парламентын гишүүн бөгөөд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга Томаш Ждеховски-тэй хоёр бүсийн хамтын ажиллагааны талаар яриа өрнүүллээ. Ноён Ждеховски Монгол Улсын эрх зүйн салбарын хөгжил, Ханнс-Зайделийн сангийн өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх зүйн салбарт хэрэгжүүлсэн ажлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.   

 

Европт хийж буй энэ удаагийн айлчлалын шувтарга хэсэгт төлөөлөгчид Люксембургт байрлах Европын дээд шүүхээр зочилж тус шүүхийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Өмгөөлөгчдийн танхимын төлөөлөгчидтэй уулзаж мэдээлэл солилцлоо.

 

Тус сан цаашид ч монголын шүүхийн хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд хууль зүйн салбарын чухал түншлэгч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн айлчлалыг тус сангийн Брюссел дэх төлөөлөгчийн газар, Монгол дахь төлөөлөгчийн газрууд дэмжиж хамтран зохион байгуулсан юм.  Төлөөлөгчид айлчлалын төгсгөлд Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээр зочилно.