Print logo

Симпозиум
"Монгол улсын эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн эрэлт хэрэгцээ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь 1993 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамтай түншийн харилцааны хүрээнд Монголын нийгэмд эрх зүйн шинэтгэл хийх болон зохистой шүүхийн тогтолцоог байгуулахад идэвхтэй дэмжиж ирсэн.

Төлөөлөгчийн газрын 30 жилийн ойг тохиолдуулан тус эрдэм шинжилгээний хурлыг МУИС-н Хууль зүйн сургуультай хамтран зохион байгууллаа.

 

Хурлыг ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ХБНГУ-н Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оливер Иёрг болон МУИС-н Хууль зүйн сургуулийн захирал Б. Амарсанаа нар нээн, үг хэлэв.

 

Энэхүү хурлыг Монгол Улсын эрүүгийн эрх зүйн эрдэмтдийн санал, дүгнэлтэд үндэслэн хамтран зохион байгуулсан бөгөөд хурлын үндсэн илтгэгчээр Академич, МУИС-н эмерит профессор бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл болон ХБНГУ-н Вюрьцбургийн их сургуулийн хуулийн факультетын, эрүү эрүүгийн процесс, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Др.Проф. Эрик Хилгэндорф нар оролцож, МУИС - н Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ж. Эрхэсхулан, МУДШ-ийн эрүүгийн хэргийн тэнхимийн тэргүүн Ч.Хосбаяр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, УЕП-н туслах прокурор, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших болон МУИС-н ХЗС-н нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Золбоо нар дараах сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв:

  • Монгол улсын эрүүгийн хуулийн шинэтгэлийн эрэлт хэрэгцээг шинжлэхүй
  • Германы эрхүүгийн эрх зүй ба 2015 оны Монгол улсын Эрүүгийн хууль: Харьцуулалт
  • Монголын эрүүгийн процессын эрх зүйн хөгжил, тулгамдсан асуудал
  • Шүүхэд эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх явцад гарч буй бэрхшээл, сорилтууд
  • Хэргийн шүүхийн харьяалал, мөрдөн байцаалтад буцаах, ял оногдуулах жишиг аргачлал
  • Монгол улсын эрүүгийн хариуцлагын тогтолцооны шинэчлэл, тулгамдсан асуудал-
  • Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа, тулгамдаж буй асуудал
  • Эрх зүйт төрийн эрүүгийн эрх зүйн чиг баримжаат шинэтгэл

Монгол Улсын эрүүгийн эрх зүй социалист эрх зүйн тогтолцооноос дараагийн загварт шилжих хэрэгцээ шаардлага үүсэж эрүүгийн эрх зүйн шинэтгэл хийж байгаа энэ үед тус эрдэм шинжилгээний хурал нь тухайн шинэтгэлийг хийх арга замыг нээн, судалгаа шинжилгээг эргэлтэд оруулж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой байлаа.    

 

Тус хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар болон Хууль зүйн үндэсний хүрээлэн дэмжин оролцсонд гүн талархал илэрхийлж байна.

 

“Монгол улс болон Герман улсын эрүүгийн хууль” номын нээлт

Хурлын төгсгөлд МУИС-н Нийтийн эрх зүйн тэнхимийн багш бөгөөд Ханнс-Зайделийн сангийн тэтгэлгийн клубийн гишүүн Т.Золбоо “Монгол улс болон Герман улсын эрүүгийн хууль” номын нээлтээ хийсэн нь бас нэгэн онцлох үйл явдал байв. Энэхүү ном нь Герман – Монгол улсын эрүүгийн эрх зүйн чиглэлийн эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий бүтээл болох учиртай юм.

 

Монгол улсын хууль зүйн салбарын олон эрдэмтэн, судлаач, багш нарыг ХБНГУ-д их дээд сургуульд суралцах, судалгааны ажил хийх, ном хэвлэл нийтлэхэд дэмжлэг үзүүлэх замаар хоёр улсын хуулийн салбар дахь эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг 1995 оноос хойш дэмжин, хамтран ажилладаг Ханнс-Зайделийн сангийн Тэтгэлгийн албанд гүн талархал илэрхийлье.