Print logo

Хамтын ажиллагаа
Дотоод хэргийн их сургуулийн удирдлагуудтай уулзалт хийлээ

Төлөөлөгчийн газрын тэргүүн н. Феликс Гленк Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж хоёр талын уламжлалт хамтын ажиллагааг дүгнэж, ирээдүйд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

 

Тус сан нь өнгөрсөн хугацаанд ДХИС-тай хамтран жил бүр эрх зүйн тулгамдсан тодорхой сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, Цагдаа бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд герман мэргэжилтнийг урьж туршлага судлах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байв.

Цаашид энэхүү хамтын ажиллагааг шинэ үйл ажиллагаагаар өргөжүүлэх боломж, тус сургуульд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Сан 2022 оноос хүрээлэн буй орчны эрх зүйн салбарт ажиллаж эхэлсэнтэй холбогдуулж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг сургах, чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах, виртуал сургалтын танхим байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулахад Германы сайн туршлагаас суралцах, хоёр орны багш мэргэжилтнүүдийн туршлагыг харилцан солилцох чиглэлд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.