Print logo

Төсөлт хөтөлбөр
“Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль"

Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль" төслийн эхний шат амжилттай хэрэгжиж, Чингэлтэй дүүргийн 2000 гаруй сурагчийг хүлээн авлаа.

МУИС-ийн Экологийн боловсролын төв Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 80 жилийн ойг угтан ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарын дэмжлэгээр хэрэгжүүлж буй "Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль" төслийнхөө эхний шатыг 4 сарын 25-аас 5 сарын 9-ний хооронд амжилттай хэрэгжүүлж Чингэлтэй дүүргийн 12-оос дээш насны 2000 гаруй хүүхэд, өсвөр насныхныг хүлээн авч байгаль орчин, эрх зүй, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтдаа хамрууллаа.

Хүүхдүүдийг байгальд ойртуулах, байгаль орчны талаарх хууль, эрхзүйн анхан шатны мэдлэг олгох, байгалийн гайхамшгийг мэдрүүлж танин мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлэх зорилготой уг сургалтаар хүүхдүүд “Үрийн аялал”, “Манай музейн амьтад” “Танин мэдэхүйн хүлэмж”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр”,гэсэн өртөөгөөр аялдаг билээ.

Нэмэлтээр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирч болох хор уршгийг таниулж, энэ төрлийн хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх зорилго бүхий “Амьд үлдээгээч” сонирхолтой өртөөг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны мэргэжилтэн удирдан явууллаа.  Уг өртөөгөөр аялсан хүүхдүүд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хууль бусаар ан агнах болон ой хээрийн түймэр тавих гэсэн байгаль орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн төрлүүдтэй танилцан, эдгээртэй холбоотой гэмт хэрэг, зөрчилд ямар хариуцлага тооцогддог болон түүнээс сэргийлэхийн тулд юу хийх ёстойг мэдэж авсан юм.

Хүүхдүүд маань нэгэн өдрийг байгаль орчин ба хүрээлэн буй орчны эрх зүйн талаар олон зүйлсийг богино хугацаанд, сонирхолтой, хүртээмжтэй аргаар, бодит орчинд нь олж авч танилцсан.

Тус төсөл 9, 10-р саруудад үргэлжилж Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийт 5000 хүүхдийг хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 

Үйл явдлын хэсгээс