Print logo

Албан айлчлал
Хууль зүйн туслалцааны төв, Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчид Увс, Баян-Өлгий аймагт ажилллалаа

Энэ сарын 6 – 9-ний өдрүүдэд сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк болон бусад төлөөлөгчид, Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран баруун аймгуудад ажиллаад ирлээ.

Айлчлалын үеэр Увс аймгийн засаг дарга Ч.Чимид, Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан болон тус хоёр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, Цагдаагийн газрын удирдлагуудтай уулзаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

• Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх чиг үүрэгтэй улсын өмгөөлөгчийн ажиллах орчин нөхцөл, ур чадварыг сайжруулах, холбогдох байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах,

• Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, түүнтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, алба хаагчдын ур чадварыг сайжруулах хэрэгцээ шаардлага; байгаль орчны хууль тогтоомжийн зөрчил, хийдэл, давхцалтай холбоотойгоор үүсч буй асуудлууд зэрэг сэдвээр санал солилцлоо.

Орон нутгийн удирдлагуудтай дээрх асуудлуудаар харилцан ойлголцолд хүрэх, санал солилцох нь энэ удаагийн орон нутаг дахь ажлын гол зорилго байлаа. Уулзалтын үеэр орон нутгийн төлөөлөгчид дараах асуудлуудыг хөндөж, зарим саналыг дэвшүүллээ. Үүнд:

• Улсын өмгөөлөгчийн орон тоог нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчинг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин хөлс, эрх зүйн орчныг нь сайжруулах.

• Нийт иргэд рүү чиглэсэн хууль сурталчлах ажлыг идэвхжүүлэх

• Цагдаа, прокурор, өмгөөлөгч, шүүгчдийн байгаль орчны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах

• Чадавхжуулах сургалтын хэлбэрийг шинэчлэх, сургагч багш нарын ур чадварыг сайжруулах

• Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд техникийн тусламжийг нэмэгдүүлэх

• Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчил, хийдлийг арилгахад анхаарах

• Хүрээлэн буй орчны эрх зүйгээр мэргэшсэн_шүүгч, прокурор бэлтгэх

• Дээрх асуудлуудын хүрээнд Германы болон бусад улсын туршлагаас суралцах

Ханнс-Зайделийн сан нь үйл ажиллагааныхаа чиг үүргийн хүрээнд орон нутгийн санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

 

 

Айлчлалын үеийн үйл явдлаас