Print logo

Уулзалт
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар “Үндсэн хууль, Захиргааны эрх зүй болон Эдийн засгийн эрх зүйн суурь асуудлууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний V. хурлыг дэмжин оролцов.

2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо "Үндсэн хууль, Захиргааны эрх зүй болон Эдийн засгийн эрх зүйн суурь асуудлууд" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний V хурал амжилттай зохион байгуулагдлаа.

 

Энэхүү арга хэмжээг Нагояагийн Их сургуулийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулсан ба Ханнс-Зайделийн сан, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн, МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэн, Чимид сан, Легал дата цахим эрх зүйн орчин болон бусад газраас дэмжин оролцов. Уг хурлын үеэр Монгол, Япон, Герман, Солонгос, Узбекистан, ОХУ-ын эрдэмтэд судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

Түүнчлэн бага хуралд зарим илтгэгчид болон оролцогчид цахим байдлаар нэгдэн илтгэл хэлэлцүүлж, асуулт хариулт өрнүүлэв. Үүн дотроос Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Боннын их сургуулийн профессор, доктор Форуд Ширвани оролцсон бөгөөд тэрээр "Захиргааны хэргийн шүүх хуралдааныг цахимжуулах нь" сэдвээр цахим хэлбэрээр илтгэл хэлэлцүүлэн оролцсон юм. Одоогийн байдлаар цахимжуулалт нь Герман улсад маш чухал сэдвийн нэг бөгөөд технологийн дэвшлийг Герман Улсын өдөр тутмын амьдралд илүү ихээр нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгааг дурдлаа. Тус хурлаар Үндсэн хууль, Захиргааны эрх зүй, Эдийн засгийн эрх зүйн олон асуудлыг хөндсөнөөс гадна Шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн өөрчлөлт, гэрээний практик, өрсөлдөөний эрх зүйн сорилт, газар ашиглалтын зохицуулалт, Захиргааны эрх зүйн эс үйлдэхүйн хууль ёсны асуудал, захиргааны шүүхийн үйл ажиллагаа зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.