Print logo

Олон улсын чуулган
Монголын залуу төлөөлөгчид дэлхийн тавцанд дуу хоолойгоо өргөлөө.

Дэлхийн байгаль орчны парламент гэж нэрлэгддэг United Nations Environment Assembly (UNEA 6) буюу НҮБ-ын Байгаль Орчны Ассамблей нь Бүгд Найрамдах Кени улсын нийслэл Найроби хотод 2 жил тутамд хуралддаг, хүрээлэн буй орчинд нэн сөрөг нөлөөлөл үзүүлж буй зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, дэлхий даяар хэрэгжүүлэх агуулга бүхий холбогдох тогтоол, шийдвэр гаргадаг чухал арга хэмжээ билээ.

Тус чуулганд  "НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал 2023" хөтөлбөрийн хууль, эрх зүйн салбарын шилдэг оролцогч О.Мөнхнасан, Р.Лхагвабаяр хуульч нар Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.

Ассамблейн бүрэлдэхүүнд НҮБ-ын гишүүн 193 улсын хүүхэд залуус, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, нутгийн уугуул иргэдийн төлөөлөл зэрэг үндсэн 9 бүлгийн төлөөлөл, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, байгаль хамгааллын бүс нутгийн, олон улсын болон холбогдох бусад байгууллагууд зэрэг өргөн бүрэлдэхүүн бүхий оролцогч талууд багтдаг бөгөөд энэ жилийн хуралд дэлхийн 190 гаруй орноос нийт 5600 орчим төлөөлөгчид оролцлоо.

“Монгол залуусын төлөөлөл, залуу хуульчийн хувьд байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор олон улсын төвшинд тогтоол, шийдвэр гарах чухал үйл явцад ажлын хэсгийн хуралд суун, хурлын үндсэн агуулгыг тэмдэглэх арга замаар оролцогч улсуудын төлөөллийн зөвшилцөх арга барилд суралцан, гар бие оролцох боломжтой байсныг” Лхагвабаяр хуульч онцлов.

 

Мөн хурлын өмнө олон дагалдах арга хэмжээнүүд явагдсан бөгөөд үүний нэг нь Залуу төлөөлөгч О.Мөнхнасангийн оролцсон НҮБ-н "Залуучуудын Байгаль Орчны Чуулган (ЗБХ)" байв.

Мөн чуулган 2024 оны 2 дугаар сарын 17 болон 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, хурлын үр дүнд “Global Youth Declaration on Environment 2024” буюу Дэлхийн залуучуудын байгаль орчны тунхаглалыг гарган, тус тунхаглалыг НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 6-р хуралдааны үеэр дэлхийн шийдвэр гаргагч нарт танилцууллаа.

Энэхүү тунхаглалаар дамжуулан залуучууд урт хугацааны хэтийн төлөвт чиглэсэн бодлогын шийдвэр гаргах, үе хоорондын тэгш байдлын зарчимд төвлөрсөн бодлого боловсруулахыг уриаллаа.Тухайлбал: эрүүл, аюулгүй, тогтвортой орчинд амьдрах хүүхдийн эрх, үр ашигтай нөөц ашиглалт, химийн бодис, хог хаягдлын эсрэг залуучуудын оролцоо, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны удирдлага, Байгаль орчны олон талт хэлэлцээрт залуучуудын оролцоо, эрчим хүчний хэмнэлт ба уур амьсгалын өөрчлөлт зэрэг 10 гаруй сэдвээр семинар, панел хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.

Залуучуудын Байгаль Орчны Ассамблейн нээлтэд “залуучуудын оролцоо уриа төдий бус бодит үйлдэл байх ёстой бөгөөд илүү сайхан дэлхийг бий болгоход залуучуудын оролцоо чухал болохыг онцлов.

Үүний тулд “Залуучуудыг өөрөө өөртөө үнэнч байх, шинжлэх ухаанд суурилдаг байх, зоригтой тэмүүлэлтэй байж үзэл бодлоо хамгаалдаг байх”-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль Орчны хөтөлбөрийн Захирал Ингер Андерсон илтгэлдээ уриалсан юм.

 

Дэлхийн залуучуудын байгаль орчны тунхаглалыг гаргасан оролцогчид

Дэлхийн залуучуудын байгаль орчны тунхаглалыг гаргасан оролцогчид

Үүнээс гадна оролцогчид 6-р хуралдааны үеэр Ханнс-Зайделийн сангийн төлөөлөлтэй уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, улс төрийн тогтвортой байдлыг хангахад сайн засаглалын үүрэг оролцоо, жендерийн тэгш бус байдлыг шийдвэрлэхийн ач холбогдлын талаар санал солилцов.