Print logo

Олон улсын хурал - Уур амьсгалын өөрчлөлт
Нүүдлийн төрөл зүйлүүдийн тухай НҮБ-ын конвенцийн (UN CMS) хуралд тус сангийн төлөөлөл оролцлоо

Дээрхи конвенцийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн бага хурал эдгээр өдрүүдэд Узбекстан улсын Самарканд хотноо „Байгальд хил байхгүй“ уриан дор зохион байгуулагдаж байна. Ханнс-Зайделийн санг төлөөлж Төв Ази, БНСУ болон Монгол Улс дахь төлөөлөгчид оролцож байна.

UN CMS нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ивээл дор батлагдсан байгаль орчны чиглэлээрхи олон улсын гэрээ бөгөөд ХБНГУ-ын Бонн хотноо төвтэй. Уг конвенцийн байгууллага нь нүүдлийн амьтад, тэдгээрийн амьдрах орон зайг хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр олон улсын уулзалт, ярианы талбар байх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Байгаль, нүүдлийн төрөл зүйлүүд нь ямарваа хил хязгаарт баригддаггүй байхад нөгөө талд хүн төрөлхтөн, түүний төрт улсууд өөрийн гэсэн хилтэй байдаг нь хүн, байгальд сорилт бэрхшээл учруулах нь элбэг.

Ханнс-Зайделийн сан “Ардчилал, энх тайван, хөгжил дэвшлийн төлөө” гэсэн уриа, үнэт зүйлтэй. Уг үнэт зүйлийнхээ хүрээнд байгаль хамгаалах салбарт ч хил хязгаарт баригдахгүйгээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Тус сангаас хэрэгжүүлдэг уур амьсгалын GMACC (Global Project on Mitigation and Adaptation to Climate Change) төсөлд сангийн Зүүн хойд Азийн бүс нутгийн төслүүд хамтран ажилладаг.

Хөтөлбөрийн хүрээнд “Нүүдлийн шувуудын зам” сэдэвт дэд хурал, “Азийн бүс нутгийн нүүдлийн шувуудын нислэгийн замыг хамгаалах нь: Экологийн чиг хандлага, мэдлэг солилцоо, менежмент” сэдэвт арга хэмжээг 2 дугаар сарын 13-нд Олон улсын байгаль хамгаалах холбоо, Олон улсын тогорууны холбоотой хамтран зохион байгуулна.

Сангийн GMACC төслийн гол зорилго нь уур амьсгал, байгаль хамгаалах чиглэлд үүссэн нетворкийг бэхжүүлэх явдал юм. Сангийн Монгол дахь төсөл нь байгаль орчны салбарт тулгарч буй эрх зүйн асуудлууд дээр төвлөрч ажилладаг бөгөөд ялангуяа байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт дээр анхаарал хандуулдаг.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах линкээр орж танилцана уу: https://mongolia.hss.de/en/environmental-project