Print logo

Тэтгэлэг
Ханнс-Зайделийн сангийн анхны үндэсний тэтгэлэг авагч тодорлоо.

Сангийн 30 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй үндэсний тэтгэлэгт шалгарсан анхны тэтгэлэг авагчаар Ү.Булгантамир тодорлоо.

Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк болон Сангийн анхны үндэсний тэтгэлгийн эзэн Ү.Булгантамир нар

Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк болон Сангийн анхны үндэсний тэтгэлгийн эзэн Ү.Булгантамир нар

Ү.Булгантамир нь 23 настай бөгөөд Их засаг олон улсын их сургуулийг 2022 онд Эрх зүйч мэргэжлээр төгссөн шинэ залуу мэргэжилтэн юм.

Тэрээр 2009 оноос хойш Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн (КНХС) Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдсан. 2018 оноос буюу 1-р дамжаанаас эхлэн тус сангийн дэргэдэх сайн дурын залуучуудын “Нобле клуб”-д элсэн, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн 1200 гаруй цагийн сайн дурын ажлыг идэвх, санаачлагатай, сэтгэл зүрхээ зориулан хийж гүйцэтгэсэн.

Ү.Булгантамир  их сургуулиа дүүргээд “Дэлгэрэх Таван Чандмань” ХХК-д Хуулийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлсэн билээ. Түүнчлэн 2023 оноос эхлэн Ханнс-Зайделын Сангийн “Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хүртсэн анхны залуу судлаачаар тодорлоо.

Сангийн анхны үндэсний тэтгэлгийн эзэн Ү.Булгантамир

Сангийн анхны үндэсний тэтгэлгийн эзэн Ү.Булгантамир

Тус тэтгэлгийн хүрээнд “Хорих ял эдэлсэн өсвөр насны хүүхдүүдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эрх зүйн байдал: Монгол ба Герман улсын харьцуулсан судалгаа” сэдвээр 1 жилийн турш судалгааны ажил хийхээр зэхэж байна. Энэхүү судалгааны ажлаараа Монгол болон Герман улсад хорих ял эдэлсэн өсвөр насны хүүхдүүдийг нийгэмшүүлэх болон нөхөн сэргээх үйл явцтай холбоотой хэрэгжиж буй эрх зүйн зохицуулалт, хууль дүрэм, баримт бичиг зэргийг харьцуулан судлах, тус чиглэлд Монгол улсад тулгарч буй асуудал, хуулийн хийдэл, дутагдалтай талуудыг тодорхойлох, улмаар цаашид хэрэгжүүлж болох Герман улсын шилдэг туршлага, шинэлэг арга барилыг судлах юм.

Тэрээр судалгаандаа үндэслэн өсвөр насны хүүхдүүдэд хорих ял эдлүүлэх үед болон тэднийг суллагдсаны дараа амжилттай нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр засгийн газрын холбогдох байгууллагуудад санал боловсруулах хийгээд тус сэдэвтэй холбоотой үндэсний болон олон улсын судалгаа, шинжилгээний ажилд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна. Судалгааны ажилд нь амжилт хүсье!