Print logo

Бүсчилсэн сургалт
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгахад анхаарах асуудал

Байгуулагдаад удаагүй байгаа Экологийн цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилготой 2 өдрийн давтан сургалтыг 2023.05.22-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт, 2023.05.25-26-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулав.

Сургалтад Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн нийт 41 экологийн цагдаагийн алба хаагч хамрагдаж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.

 

Ханнс-Зайделийн сангийн хүрээлэн буй орчны эрх зүй төслийн гол түншлэгч болох Экологийн цагдаагийн алба нь МУ-д хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх гол чиг үүрэгтэй байгууллага бөгөөд энэ чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдэд сурталчлан таниулах ажлуудыг гүйцэтгэдэг. Тиймээс экологийн цагдаагийн алба хаагчдыг  мэргэшүүлж, чадавхжуулах нь байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд нэн чухал юм. Иймд Ханнс-Зайделийн сангийн төслийн хүрээнд эдгээр алба хаагчдыг чадавхжуулах давтан сургалтын хөтөлбөрийг 2022 онд ДХИС-тай хамтран боловсруулж, энд онд уг хөтөлбөрөөр дээрх 2 өдрийн 2 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Алба хаагчдын онолын болон практик мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн 2 өдрийн сургалтыг Экологийн цагдаагийн алба, УПЕГ, ДХИС-ийн багш нар дараах сэдвийн хүрээнд удирдан явуулав.

  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төрийн бодлого, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн зүйлчлэл, анхаарах асуудал
  • Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах асуудал
  • Хууль бусаар мод, байгалийн ургамал бэлтгэх гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах асуудал
  • Хууль бусаар ан агнах гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах асуудал
  • Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой кейс, бодлого дээр багаар ажиллах

Ханнс-Зайделийн сан нь дээрх сургалтыг МУ-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан бөгөөд экологийн цагдаагийн алба хаагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, практикт суурилсан өгөөжтэй сургалт болсныг оролцогчид онцолж байлаа.

 

Тус сургалтын хөтөлбөрийн агуулгыг цаашид сайжруулах зорилгоор IRIM судалгааны хүрээлэн оролцогчдын дунд KAP survey хийсэн. Судалгаа, санал асуулга, ажиглалт дээр үндэслэн тус сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг улам сайжруулж, тогтмол зохион байгуулах талаар Экологийн цагдаагийн удирдлагуудтай санал солилцов.

 

Мөн экологийн цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор ДХИС-тай хамтран боловсруулсан давтан сургалтын агуулгын хүрээнд алба хаагчдын практик хэрэгцээнд зориулсан гарын авлагыг 2023 онд багтаж боловсруулахаар ДХИС-ийн багш нартай хамтран ажиллаж байна.

 

Бусад үйл явдал