Print logo

Сургалт
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо

Монгол улсын 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтнуудад байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, чадавхжуулах 1 өдрийн сургалтыг 10 сарын 13-нд Ханнс-Зайделийн сангийн байранд зохион байгууллаа.

Тус сургалт нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар аймаг, нийслэлийн тухайлсан ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүрээлэн байгаа орчин, байгаль хамгаалах харилцааг зохицуулах хууль, журмын хэрэгжилтийг хангах зорилготой юм.

Сургалтад аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан 33 ажилтан хамрагдав.

Сургалтыг Удирдлагын академи, Дотоод хэргийн их сургууль, Хуульчдын холбоо, Экологийн цагдаагийн албаны экспертүүд дараах сэдвийн хүрээнд удирдан явууллаа. Үүнд:

  • Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, бодлого, чиглэл
  • Экологийн цагдаагийн албаны бүтэц, зохион байгуулалт, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, чиглэл
  • Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагын үүрэг
  • Гадаадын зарим улс орны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын туршлага
  • Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн статистик, судалгааны арга зүйг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ашиглах нь
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, зохицуулах зөвлөлийн бодлого, чиглэл

Энэхүү сургалтыг Ханнс-Зайделийн сан Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран зохион байгуулсан бөгөөд ийм төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг оролцогчдын зүгээс онцолсон юм.

Зургийн цомог