Print logo

Форум
Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023 боллоо

2023 оны 01 сарын 27-нд 5 дахь жилдээ зохион байгуулагдсан тус форум энэ жил “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн форумаар “Ёс зүй, итгэл үнэмшлийн эрсдэл: Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээх нь”, “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлэв. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл, эрх зүйн салбарынхан хамтдаа чуулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хадгалж, хамгаалж үлдэхэд эрх зүйн орчныг сайжруулах боломжуудын талаар хэлэлцсэн юм. Мөн энэ цаг үед УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэн баталсан талаар оролцогчид өөрсдийн үзэл бодлыг илэрхийллээ. 

Ханнс-Зайделийн сан энэ жилийн форумыг дэмжин оролцсон бөгөөд салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Германы мэдлэг туршлагыг хуваалцахдаа таатай байх болно гэдгийг сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк онцоллоо.

Форумд ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процесс, эрх зүйн онол, компьютер-мэдээлэл зүйн шинжлэх ухааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч Проф. Др. Эрик Хилгендорф “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт - ХБНГУ болон бусад улс орнуудын туршлага” сэдвийн хүрээнд онлайнаар илтгэл танилцуулав. 

Түүнчлэн, оролцогчид “Өөрийн зохицуулалт: Редакцын түвшинд сэтгүүл зүйн ёс зүйг зохицуулж буй байдал”, “Хэвлэл мэдээллийн олон ургальч байдал, оролцоог хангах, итгэлийг нэмэгдүүлэх нь”, “Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт ба практик” сэдвээр илтгэл танилцууллаа. 

Ханнс-Зайделийн сан, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Веллэ академи хамтран зохион байгуулсан энэ удаагийн форумд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, судлаач, улс төрч, хуульчдын 100 орчим төлөөлөл оролцов. 

Зургийн цомог (Доорхи зураг дээр дарж үзнэ үү)