Print logo

Судалгааны ажил
ХБНГУ-н Тогтвортой хөгжлийн боловсрол

ХЗС-аас МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж алслагдмал дүүргийн өсвөр үеийн 10,000 хүүхдэд экологийн болон хүрээлэн буй орчны хууль, эрх зүйн боловсрол олгож байгаа билээ

“Диллингийн хүрээлэн буй орчны өдрүүд 2023” арга хэмжээнд илтгэгчээр оролцлоо

Төслийн удирдагч, МУИС-ийн Экологийн боловсролын төвийн багш Др. Р.Сүнжидмаа ХЗС-ийн богино хугацааны судалгааны тэтгэлэгт хамрагдан ХБНГУ-д туршлага судалж байна. Тэрээр Багшийн мэргэжил дээшлүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах академиэс жил бүр зохион байгуулдаг “Диллингийн хүрээлэн буй орчны өдрүүд” семинарт 2023 оны 5 сарын 8-10-ны өдрүүдэд оролцлоо. Энэ жилийн семинар “Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хичээлд тусгах боломж” сэдвийн дор явагдаж буйгаараа онцлог бөгөөд Бавари мужийн бүх түвшний сургуульд, төрөл бүрийн хичээлд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусган хэрэгжүүлж буй туршлага болон боломжуудын тухай мэдээлэл солилцон хэлэлцлээ. 150 хүн оролцсон уг семинарт Р.Сүнжидмаа “Монгол улсад тогтвортой хөгжлийн боловсрол олгож буй жишээ, хамтын ажиллагаа” сэдвээр танилцуулга хийлээ.

Судалгааны ажлын хүрээнд хийх уулзалтууд

Тэрээр судалгааны ажлын хүрээнд Бавари мужийн Боловсрол, Соёлын яамны Байгаль орчны боловсрол, уур амьсгал, тогтвортой хөгжлийн боловсролын хэлтэс, Бавари мужийн Байгаль орчин, хэрэглэгчийн эрхийг хамгаалах яамны Тогтвортой хөгжлийн боловсрол, хүрээлэн буй орчны боловсрол, цэцэрлэгт хүрээлэн төлөвлөлтийн хэлтэс, Людвих-Максимилиансийн Их Сургуулийн Физик газарзүй, хүрээлэн буй орчны загварчлалын тэнхим, түүний дэргэдэх El Mundo сертификат олгох хөтөлбөр, Мюнхений Насанд хүрэгчдийн боловсролын байгууллага, Мюнхений Экологийн боловсролын төв, BIOTOPIA лаборатори зэрэг газруудад судалгаа хийж Герман улс, тэр дундаа Бавари мужид тогтвортой хөгжлийн боловсролыг бүх түвшинд олгож буй туршлагаас судлах юм.