Print logo

Техникийн дэмжлэг
“Хүрээлэн буй орчин ба эрх зүй” танхимыг тохижууллаа

Ханнс-Зайделийн сан хүүхэд багачуудын экологийн боловсролыг дэмжих зорилгоор 2022 оноос МУИС-ийн Экологийн боловсролын хүрээлэнтэй хамтран өртөөчилсөн сургалт зохион байгуулж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сургалтын “Хүрээлэн буй орчин ба эрх зүй” сэдэвт өртөөний танхимыг тохижуулж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг баяжууллаа.

“Өсвөр үеийнхэн-Байгаль орчин ба Хууль” нэртэй энэхүү төслийн дээрхи танхимыг тохижуулж, интерактив сурах орчныг бүрдүүлж, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг шинэчиллээ.  Тус сангаас эрхлэн гаргасан "Эрх зүйн тухай энгийнээр" цуврал видео контентын агуулгаар Танин мэдэхүйн самбар бүтээж, гол мэдээллүүдийг сонирхолтой байдлаар зохиомжлон үзүүлсэн нь хүүхдүүдийн анхаарлыг татаж байв. Самбар дээр видео контент тус бүрийг үзэх QR кодыг байрлуулснаар самбар дээрх мэдлэгийг дэлгэрүүлж үзэх боломжтой юм.

Тус өртөөчилсөн сургалтын хамгийн сонирхолтой бас ач холбогдолтой хэсэг бол Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн зураг юм. Энэ тухай мэдлэгийг хүүхдүүдэд богино хугацаанд, сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр хүргэх тус зургийг “Хүрээлэн буй орчин ба Эрх зүй” танхимд зориулж бүтээснээрээ мөн онцлог.

Дараагийн танин мэдэхүйн сонирхолтой булан бол Монгол орны нэн ховор амьтан болох Мазаалайн тухай мэдээллийн хэсэг юм. Эндээс мазаалайн тухай сонирхолтой баримтуудыг мэдэж авахаас гадна Монгол орны ховор болон нэн ховор амьтны тухай багштайгаа ярилцаж, мэдлэгээ зузаатгах боломжтой.

Хичээлийг сонирхолтой, интерактив болгох зорилгоор олон хичээлийн хэрэглэгдэхүүнийг шинээр хийсний дотор Монгол орны ховор болон нэн ховор 40 амьтны модон төөнөлбөр зураг багтана. Хүүхдүүд тоглох зуураа эдгээр амьтадтай танилцаж, яагаад хамгаалах хэрэгтэй учир шалтгааныг мэдэж авна.

Хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангаж, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалдаг иргэн төлөвшүүлэх нь сангийн байгаль орчны төслийн эрхэм зорилго юм.

Зургууд

(Доорхи зураг дээр дарж үзнэ үү)