Print logo

8500 километрийн чанадах харилцаа
Монгол ба Европ

Европын орнууд Монголтой найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нэн сонирхолтой. Үүнийг хэдхэн хоногийн өмнө Францын ерөнхийлөгч Эмануэль Макроны Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар тус улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийснээс харж болно. Монгол Улс ОХУ-ын талаар төвийг сахисан байр суурь илэрхийлдэг ч Өрнөдийн орнуудыг хөгжлийн жишиг болгодог.

Брюссельд зохион байгуулагдсан “Европын өдөрлөг”-өөс яг долоо хоногийн дараа Монголд “Европын өдөрлөг-2023” амжилттай зохион байгуулагдлаа. Тавдугаар сарын эхний өдрүүдэд Брюссель хотноо Европын холбооны өдрийг тэмдэглэх үед Монголд цас хаялсан сэрүүхэн өдрүүд үргэлжилж байсан билээ.  Цаг хугацааны хувьд бага зэрэг хоцорч зохион байгуулагдсан ч нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр Европын Холбооны улсуудын дипломат төлөөлөгчийн газрууд, ОУБ, ТББ, хувийн хэвшлийн байгууллагууд оролцсон 70 гаруй асар бүхий томоохон өдөрлөг болж Европын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлав. Ханнс-Зайделийн сан уг үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо.

 

Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газрынхан "Европын өдөрлөг 2023" арга хэмжээний үеэр.

Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газрынхан "Европын өдөрлөг 2023" арга хэмжээний үеэр.

Монголоос өрнө зүг рүү харах нь

Орон зайн хувьд нийслэл Улаанбаатар хот Брюсселээс 8500 км алсад оршдог ч монголчууд Европын Холбоо, Өрнийн орнуудыг яагаад чухал түншээ гэж үздэг вэ? Энэ нь олон хүчин зүйлээс улбаатай юм. Зөвлөлт Холбоот Улсын (ЗХУ) задралын дараа Монгол улс томоохон сорилтуудтай тулгарсан. Хэдийгээр Монгол улс де-юре тусгаар тогтносон улс байсан ч хоёр дахь социалист улс, энэ утгаараа ЗХУ-ын сателлит улс байв. Зөвлөлт задарснаар Монгол улсын хараа өрнө зүг рүү, тэр дундаа Европ руу чиглэх боломж нээгдсэн.

Ханнс-Зайделийн сан 1993 оноос Монгол улсад эрх зүйн салбарт, ялангуяа үндсэн хууль, эрүү, захиргааны эрх зүйн хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Хоёр орны эрх зүйн тогтолцоо ижил төстэй, эрх зүйн нэг бүлд хамаардаг нь энэ салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй, хялбар байх нөхцөл болдог. Европын Холбооны гишүүн орнуудын олон арван байгууллага тус улстай бусад олон салбарт хоёр талт хамтын ажиллагааг өрнүүлж тус ардчилсан орны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол Улсын эрх зүйн шинэтгэлд ХЗС дэмжлэг үзүүлэн ажилладаг. Зураг дээр: Азын хүрд эргүүлэх, Монгол, Герман, ЕХ-ны талаарх асуулт, хариултын тэмцээн зохиов.

Монгол Улсын эрх зүйн шинэтгэлд ХЗС дэмжлэг үзүүлэн ажилладаг. Зураг дээр: Азын хүрд эргүүлэх, Монгол, Герман, ЕХ-ны талаарх асуулт, хариултын тэмцээн зохиов.

Хамаарлыг даван туулах нь

Энэ ч утгаараа Монгол улс гадаад бодлогынхоо үзэл баримтлалд “Гуравдагч хөршийн бодлого” гэх томъёоллыг оруулсан. Хэдийгээр тус улс шууд хиллэдэг хөрш орнууд БНХАУ (сүүлийн 5 жилийн экспортын барааны 70 – 90% нь Хятад улс руу гарсан) болон ОХУ-аас ихээхэн хамааралтай ч Европ дахь “гуравдагч хөрш” орнуудтай болон Европын Холбоотой идэвхитэй хамтран ажиллахыг эрмэлздэг.

Өнөөгийн байдлаар ЕХ нь хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамгийн том түншлэгч бөгөөд тогтвортой хөгжил, байгаль орчин, эрх зүйт төрийн төлөвшил хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чиглэлд хамгийн том хандивлагч болж байна. Талууд улс төрийн түвшний яриа хэлэлцээг дэмжих зорилгоор 2010 онд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Мөн сүүлийн жилүүдэд оюутан солилцоог дэмжих, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч байна.

 

Европын Холбоо „Нүүдэлчдийн хот" Улаанбаатарт.

Европын Холбоо „Нүүдэлчдийн хот" Улаанбаатарт.

Төвийг сахисан, гэвч Өрнийн жишгийг баримталсан

ОХУ Украин руу халдлага үйлдэж эхэлсэн үеэс бүс нутагтаа “Ардчилалын баянбүрд” хэмээгддэг Монгол улсын олон улсын тавцан дээрхи үүрэг нэмэгдэв. Газар зүйн хувьд шууд хиллэдэг орнуудтай харилцаагаа хадгалах нь тус улсын эн тэргүүний зорилгын нэг гэдэг утгаар төвийг сахисан байр суурь баримталж байна. Үүний зэрэгцээ "Гуравдагч хөрш"-ийн бодлогоо тууштай баримталж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Үүнийг 2023 оны Европын өдөрлөгөөс тод томруун харж болохоор байлаа.

Монголчуудын ЕХ-ны орнууд руу аялах, зочлох, гишүүн орнуудын байгууллагуудтай хамтран ажиллах сонирхол хүчтэй хэвээр байна. ЕХ болон түүний гишүүн орнуудын зүгээс ч Монголтой өрнүүлж ирсэн уламжлалт сайн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхлоо хадгалсаар байна. Францын ерөнхийлөгч Эмануэль Макрон Японд зохион байгуулагдсан G7-ийн уулзалтад оролцоод Улаанбаатарт албан ёсоор айлчилж буйгаас үүнийг харж болно.

Энэ онд Ханнс-Зайделийн сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой тохиож байна. Тус сан цаашид ч хууль зүйн салбарын болон сүүлийн жилүүдэд анхаарал татаж буй байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг дэмжин ажиллах болно.