Print logo

Олон улсын хурал
Олон Улсын Усны бага хурлыг амжилттай зохион байгууллаа

10 сарын 17, 18-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон тус хурлыг ХБНГУ-ын Барут болон Хөвсгөл аймгийн Мөрөн хотуудын Тогтвортой хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээнд 4 дэх жилдээ зохион байгууллаа. Ханнс-Зайделийн сан байгаль орчны эрх зүйн төслийн хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг хангах зорилгоор анх удаагаа тус хуралд оролцож, хамтран зохион байгуулав.

Үйл ажиллагааны зургийн цомог (доорхи зураг дээр дарж үзнэ үү)

Хөвсгөл нуур болон хүрээлэн буй орчны бохирдол, түүнийг шийдэх боломжуудын талаар олон улсын эрдэмтэд онлайнаар болон танхимаар илтгэл хэлэлцүүлж, орон нутгийн удирдлага, байгаль хамгаалагч, экологийн цагдаа, иргэд, аялал жуулчлал эрхлэгчид, иргэний нийгэм, жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцлоо.

2 өдөр үргэлжилсэн хурлын үеэр оролцогчид дараах сэдвүүдийг хөндсөн юм.
Үүнд:

  • Бохир ус цэвэрлэх байгууламжийн одоо байгаа дэд бүтцийн техникийн дутагдал (хаягдал усны менежмент);
  • Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх хэтийн төлөв, техникийн шийдэл; H2-г хадгалах ба ашиглах;
  •  Олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагаа ("Эко мамми"); Гарааны бизнесийг дэмжих
  • Тогтвортой ариун цэврийн нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замууд
  • Хог хаягдал болон бусад байгаль орчны асуудал (агаар)
  • Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт
  • Байгаль орчныг хамгаалах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
  • Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж буй өнөөгийн нөхцөл байдал
  • Хөвсгөл нуурын аялал жуулчлал — Аялал жуулчлал ба түүний тогтвортой менежментийн хэтийн төлөв

2010 оноос хойш Мөрөн-Барут хотуудын хамтын ажиллагааны хүрээнд хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Хөвсгөл аймагт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үүнд иргэдийн оролцоог дэмжиж байгаа билээ.

Ханнс-Зайделийн сангийн Хүрээлэн буй орчны эрх зүйн чиглэл дэх төсөл нь Байгаль орчны эрх зүйн хэрэгжилтийг сайжруулах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах талаар иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, Монгол-Германы хооронд хамтын ажиллагааны гүүр болох зорилго, чиг үүргийнхээ хүрээнд энэхүү бага хурлыг амжилттай хамтран зохион байгууллаа.