Print logo

Олон улсын хурал
18 дахь удаагийн “Ainringer Ostertage“ хурал амжилттай боллоо

ХБНГУ-н Бавари муж улсын цагдаагийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 18 дахь удаагийн Ainringer Ostertage олон улсын хурал Ainring хотод амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлыг Ханнс-Зайделийн сан 2005 оноос хойш хамтран зохион байгуулж байгаа билээ.

Олон улсын хурал „Сорилтот цаг үеийн манлайлал“ болон "Хүний нөөцийн хөгжил" сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд Цагдаа, Аюулгүй байдлын салбарын удирдлагууд хэрхэн дасан зохицох хийгээд, үүнийг хүлээн зөвшөөрч, дасан зохицохгүйгээр амсаж болох эрсдэлүүдийн тухай сонирхолтой сэдвүүдийг хөндөн хэлэлцлээ.  Тухайлбал:

Нийгмийн өөрчлөлттэй холбогдон цагдаагийн байгууллагад урган гарч буй сорилт бэрхшээлийн нэг хэлбэр нь Z үеийнхэнтэй хамтран ажиллах тухай Цагдаагийн дэд дарга Др. Bernd Bürger илтгэл хэлэлцүүлэв. Энэ талаар Бавари муж улсын Дотоод хэргийн яамны төрийн сайд Joachim Herrmann:

“Байгууллагууд Залуу халаа үеийнхний ажил амьдралын тэнцвэр, хувь хүний хөгжил, ажил мэргэжлээрээ өсөж хөгжих боломжид нийцүүлэн хүний нөөцийн бодлого, зорилтоо тодорхойлох нь чухал бөгөөд орчин үеийн удирдлагын соёлд энэхүү сорилт бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, даван туулах арга замыг бий болгох”-ын ач холбогдлыг онцлов.

Мөн “Австри улсын Дотоод хэргийн яамны удирдлагын менежментийн хөгжил”,  “Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөгжил”,“Олон үндэстэн, ястантай улс орны нийгмийн манлайлал”, “Европын улс орны үйл ажиллагааны цар хүрээ болон үүнтэй холбоотой гарч болох сорилт бэрхшээлүүд” сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.

"Ардчилсан, эрх зүйт төрт улсын сорилтот цаг үе дэх - Итгэл, найдварын тулганы чулуу нь цагдаагийн байгууллага байх учиртай"-г Бавари муж улсын Цагдаагийн газрын дарга ноён Michael Schwald хурлын нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Мөн хуралд ХБНГУ-аас гадна 20 гаруй улс орны 110 гаруй төлөөлөгчид ирсэн бөгөөд Монгол улсыг төлөөлж ДХИС-н дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Гантуул, ДХИС-н Багшийн хөгжлийн төвийн сургалт, арга зүйн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Баясгалан нар оролцож, олон улсын төлөөлөлтэй санал солилцов.   

 

Зургийн цомог