Print logo

Санаачлага
“Өсвөр үеийнхэн-Байгаль орчин ба хууль-II” төсөл нээлтээ хийлээ

Ханнс-Зайделийн сангийн байгаль орчны төслийн хүрээнд МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Өсвөр үеийнхэн-Байгаль орчин ба хууль-II” төслийн нээлт өнөөдөр боллоо

Төслийн нээлтэд сангийн тэргүүн Феликс Гленк, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Нямгэрэл, МУИС-ийн Сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уг төсөл нь Монгол улсын ирээдүй хойч үеийнхэнд, тэр дундаа энэ төрлийн сургалтад төдийлөн хамрагдах боломжгүй алслагдсан сургуулиудын сурагчдад экологийн боловсрол олгох замаар байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах арга ухааныг мэддэг, ухамсартай хойч үеийнхнийг бэлтгэх зорилготой юм.

2022 онд сангийн байгаль орчны эрх зүй төслийн хүрээнд санаачлан хэрэгжүүлсэн уг төсөлд Улаанбаатар хотын Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн 5000 хүүхдийг хамруулсан бол 2023 онд УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын дэмжлэгтэйгээр Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан сургуулиудын 5000 сурагчид байгаль орчны танин мэдэхүйн мэдлэг олгоно.

Төсөлд хамрагдаж буй хүүхдүүд “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Танин мэдэхүйн хүлэмж”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг сонирхолтой өртөөгөөр аялж, байгалийг бодит орчинд мэдэрч танилцахаас гадна байгаль орчны хууль, эрх зүйн “Амьд үлдээгээч!” өртөөгөөр аялж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор хохирол, торгууль шийтгэл, түүнээс сэргийлэх аргатай танилцан анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй болох юм. Энэхүү өртөөг Ханнс-Зайделийн сангийн санаачилгаар 2022 онд байгуулсан бөгөөд энэ жил тус өртөөний анги танхимыг тохижуулж, сурах орчинг сайжруулахад мөн дэмжлэг үзүүллээ.

Экологийн боловсролын төв нь МУ-д тогтвортой хөгжлийн боловсрол олгох төв болон өргөжих зорилготой бөгөөд Ханнс-Зайделийн сан үүнд Германы мэдлэг туршлагыг хуваалцах, бүс нутгийн түвшинд харилцаа холбоо үүсгэхэд хувь нэмрээ оруулна. Тухайлбал, 2023 онд тус төвийн багш Др. Р.Сүнжидмаа Ханнс-Зайделийн сангийн тэтгэлгээр ХБНГУ-ын Бавари муж улсын тогтвортой хөгжлийн боловсролын төв болон бусад холбогдох байгууллагуудад зочилж, туршлага судалж, судалгаа хийнэ.

 

Зургийн цомог (Доорхи зураг дээр дарж үзнэ үү)