Print logo

Хэлэлцүүлэг
Монголын улс төрийн тогтолцоо: Сонгуулийн тогтолцоо, намын санхүүжилт

УИХ-ын энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байгаа билээ. Энэ чухал цаг үед Монголд үйл ажиллагаа явуулж буй ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Конрад-Аденауерийн сан, Фридрих-Эбертийн сан хамтран “Монголын улс төрийн тогтолцоо” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенберг нээж үг хэлэв. Тэрээр уг үйл ажиллагааг зохион байгуулж буй ХБНГУ-ын улс төрийн сангуудад талархаж буйгаа илэрхийлээд: “Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь монголын дотоод улс төрд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого огтхон ч биш. Харин цаг үеийн тулгамдсан сэдвээр харилцан туршлага, мэдээлэл солилцох, харилцан ярилцах платформ байх зорилготой гэж ойлгож байна. Олж авсан ойлголт дээрээ түшиглэн ямар шийдвэр, шийдэлд хүрэх нь та бүхний өөрсдийн дотоод асуудал юм” гэж онцлон тэмдэглэлээ.

 

Хэлэлцүүлгийн эхэнд ХБНГУ-ын Хамбургийн Их сургуулийн Проф. Др. Флориан Гротц “Сонгуулийн тогтолцоо ба намын санхүүжилт: Монгол Улсад тохирох боломжит хувилбарууд” сэдвээр оролцогчдод мэдээлэл өгөв. Залгуулаад УИХ-д суудалтай намууд, улс төр, хууль зүйн салбарын төлөөлөгчид болон улс төр-хуулийн салбар эрдэмтэд, судлаачид ХБНГУ-ын сонгуулийн тогтолцооны онцлог, түүнд тулгарч буй сорилт бэрхшээл, улс төрийн намын санхүүжилт, илт тод байдлын талаар герман судлаачтай санал, мэдээлэл солилцлоо.

 

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тогтолцоо, улс төрийн эрүүл өрсөлдөөн явуулахад тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн намуудын хамтын ажиллагаа, намын санхүүжилтийг илт тод, хариуцлагатай болгох талаар шинэ хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтуудын талаар санал, мэдээлэл солилцлоо.

Төгсгөлд нь гурван сангийн суурин төлөөлөгч нар Германд болон Монголд өрнөж буй сонгуулийн реформын талаар байр сууриа илэрхийлж оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Зургууд

(Доорхи зураг дээр дарж үзнэ үү)