Print logo

Хамтын ажиллагаа
ХЗС-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд хамтын ажиллагааны суурь тавигдав

Ханнс-Зайделийн сан монгол судлаач, оюутан залууст гадаадын болон дотоодын тэтгэлэг олгож хоёр орны мэргэжилтнүүд холбоо тогтоох, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг.

Энэхүү тэтгэлэгт хамрагдсан МУИС-ийн Экологийн боловсролын төвийн багш Др. Р.Сүнжидмаа ХБНГУ-д богино хугацааны судалгааны ажил гүйцэтгэж, Бавари мужид тогтвортой хөгжлийн боловсролыг (ТХБ) боловсролын бүх түвшинд олгож буй 10 гаруй байгууллагын үйл ажиллагаатай танилцсан билээ.

 

Тэрээр Мюнхений Людвих-Максимилиансийн Их Сургуулийн (ЛМИС) Газарзүйн тэнхимд проф. Ралф Людвиг, Др. Катрин Генойсс нарын удирдлага дор 9 хоног, Мюнхений Насанд хүрэгчдийн боловсролын дээд сургуульд Др. Улрике Вагнерын удирдлага дор 7 хоног ажиллан ЛМИС-ийн Газарзүйн тэнхим, түүний дэргэдэх Ел мундо хөтөлбөр, Бавари мужийн Хичээл сургалт, соёлын яамны Байгаль орчны боловсрол, уур амьсгал, тогтвортой хөгжлийн боловсролын хэлтсийн дарга Филипп Пациус, Бавари мужийн Шувуу, байгаль орчныг хамгаалах холбооны Мужийн зохицуулагч Биргит Фелдманн зэрэг байгууллага, мэргэжилтнүүдтэй хойшид хамтран ажиллахаар болов.

ЛМИС-ийн Газарзүйн тэнхим нь багшийн мэргэжлээр сурч буй газарзүйн оюутнуудад “Ел Мундо" сертификат олгох хөтөлбөрөөр дамжуулан ТХБ олгодог бөгөөд тогтвортой хөгжлийн чиглэлд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, тогтвортой хот төлөвлөлтөд оролцож Мюнхений үйлдвэрлэлийн төв хорооллыг тогтвортой хөгжүүлэхэд зөвлөн ажилладаг.

 

Энэ хүрээнд урьд нь төмсний том үйлдвэр байсан энэ газрыг үйлдвэрийн үйл ажиллагаа зогссоны дараа барилга байгууламжуудыг нь эвдэж нураалгүй үлдээж, дэд бүтцийг нь тогтвортой хот хөгжлийн зарчимд нийцүүлэн ашиглахаар төлөвлөсөн ажээ. Эндхийн барилга байшинг төрөл бүрийн зорилгоор ашиглаж, уран бүтээлчид багахан мөнгөөр бүтээлээ толилуулах, жижиг үзэсгэлэн, урлагийн арга хэмжээ, чөлөөт зах зэрэг үйл ажиллагаа тасралтгүй явагдах сонирхолтой орчин болгосны дотор 3 давхар байшингийн оройг ногоон орчин болгон тохижуулж хонь бэлчдэг, зөгийн бүлүүд байнга амьдардаг дээвэр болгосон нь нэлээд сонирхол татсан төлөвлөлт байв. 24 метрийн өндөрт орших 2,500 квадрат метр энэ талбайд хонь хурга, зөгий жилийн турш таатайяа амьдран суух болсон ажээ. Хойшид энэ орчинг хүүхэд багачуудад үнэ цэнийг мэдрүүлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглахад сургах төрөл бүрийн хөтөлбөртэй сургалт, танин мэдэхүйн орчин болгохоор, энэ чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж буй аж. Олон газар шүдний өвчин болсон тагтаа шувууны хэт олшролын асуудлыг ч энэ хэсэгт шонхор шувуу суурьшуулан биологийн аргаар шийдэж чаджээ. Хотын цэцэрлэг, мод, ургамал суулгасан хайрцаг зэргийг байрлуулж ресторан, зоогийн газруудаас гарах хаягдлыг богино хугацаанд ялзмаг болгон боловсруулах компост хийж байрлуулсан байна.

 

ЛМИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд Бавари мужид ТХБ олгож буй тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ Монгол дахь ТХБ-ын нөхцөл байдалтай мөн танилцаж харилцан туршлага судлав.

Уулзалтын үр дүнд Монгол Улсын Их Сургууль болон Мюнхений Людвих-Максимилиансийн Их Сургуулийн хооронд уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургалт, судалгааны хамтын ажиллагаа эхлүүлэх, Монголын хүүхэд залууст тогтвортой хөгжлийн боловсрол олгох болон энэ чиглэлд багш нарыг сургахад Ел Мундогоос туршлага судлан хамтран ажиллах өргөн боломж байгаад санал нэгдэж, дараа дараагийн уулзалтаар хамтын ажиллагаагаа нарийвчлан төлөвлөхөөр ярилцан тохиров.

Зургийн цомог (доорх зураг дээр дарж үзнэ үү)