Print logo

Албан уулзалт
ШШГЕГ-Н ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНД ЗОЧИЛЛОО

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-н дэд дарга, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга Х.Ариунболдтой уулзаж хоёр талын үйл ажиллагааны чиглэл болон хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Ханнс-Зайделийн сан 2001-2016 оны хооронд ШШГЕГ-тай хамтран Насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангид хүмүүжигчдэд эрх зүйн анхан шатны мэдлэг олгох, гар урлалын мэргэшил эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тус хөтөлбөрийн хүрээнд нийт 955 /давхардсан тоогоор/ хүмүүжигч хамрагдсанаас 170 насанд хүрээгүй хүн мэргэжлийн үнэмлэхтэй болсон.

Өнгөрсөн хугацаанд ШШГЕГ нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) төслийн хүрээнд ХБНГУ-н дахь ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлж байсан. Жишээ нь: Bochum хот дахь “Scheideweg” буюу хорих ял эдэлж байгаад гарсан иргэдийн хөгжлийн төв. Гэвч цар тахал, эдийн засгийн байдал зэргээс үүдэлтэй сүүлийн хэдэн жилд тус харилцаа холбоонд завсар гарсанг ноён Ариунболд дурдаж байлаа.

Энэ хүрээнд ноён Феликс Гленк бүдгэрсэн харилцаа холбоог цаашид сэргээж, тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.