Print logo

Сургалт
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын (СХТБ) хүмүүжигч, албан хаагчдад зориулсан сургалт боллоо

Сургалтыг Ханнс - Зайделийн Сангийн (HSS) санаачилгаар Кристина Ноблийн Хүүхдийн Сан (CNCF)- тай хамтран зохион байгуулсан билээ.

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад улсын хэмжээнд 36 хүүхэд, өсвөр үеийнхэн хүмүүжиж байгаа бөгөөд 34 албан хаагчид ажиллаж байна.

Тиймээс тус сургалтаар СХТБ-н албан хаагч, хүмүүжигчдэд хүний эрх, хууль эрх зүйн суурь мэдлэг олгох, хүмүүжигч хүүхдүүдэд ялын хугацаа дууссаны дараа нийгэмд эргэн хөл тавихад дэмжлэг үзүүлэх мэдээллийг хүргэхийг зорилоо. Энэ хүрээнд хүмүүжигч хүүхдүүдэд эрүүгийн эрх зүйн үндсэн ойлголт, тэр дундаа давтан гэмт хэргийн үр дагавар, үүнээс урьдчилан сэргийлэх мөн ял эдлэх хугацаанд нийгэмших болон ялын хугацаа дууссаны дараа богино хугацаанд нийгэмдээ эргэн хөл нийлүүлэн алхахад төр болон төрийн бус байгууллагаас үзүүлдэг дэмжлэг, боломжуудын талаар мэдээлэл хуваалцав. Түүнчлэн байгаль орчны эрх зүйн хүрээнд ховор, нэн ховор ан амьтдыг хайрлан хамгаалах, ховор амьтан ургамал, тэдгээрээр хийсэн эд зүйлсийг хууль бусаар  ашиглахад гарах экологи, эдийн засгийн үр дагаврыг таниулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Харин СХТБ-н албан хаагчдад зориулсан хүний эрхийн сургалтын хүрээнд албан хаагчдын хувьд эдлэх эрх, үүрэг хариуцлагын талаарх суурь ойлголт өгсөн. Мөн   хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний шинэчлэгдсэн журам ба хорих, хорихоос өөр ял эдэлж буй хүүхэд, залуучуудад төрийн зүгээс үзүүлдэг үйлчилгээг Швед улсын туршлагаас хуваалцав.

СХТБ – н дарга Тамир сургалтын зохион байгуулагчдад талархаад албан хаагч, хүмүүжигчдэд зориулсан мөн төрлийн сургалтыг тогтмол авах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв.  Түүнчлэн хүмүүжигч хүүхдүүдийн ялын хугацаа дууссаны дараа тэднийг дэмжих зорилгоор HSS - с хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжтойг хамтран зохион байгуулагчид дурдсан билээ.