Print logo

Тэмдэглэлт ой
Монгол Улстай эрх зүйн салбарт хамтран ажилласны 30 жилийн ойг тэмдэглэв

Зохиогч: Феликс ГЛЕНК

Ханнс-Зайделийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсний 30 жилийн ойн хүрээнд тус сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга н. Оливер Иёрг Монголд айлчлав.

ЕНБД Оливер Иёрг (зүүнээс) ХБНГУ-ын ЭСЯ-нд зохион байгуулсан хүлээн авалтын үеэр ЭСЯ-ны Дэд тэргүүн Хана Бекер, сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ф.Гленк болон Вюрцбургийн их сургуулийн профессор Эрик Хильгендорф нарын хамт

ЕНБД Оливер Иёрг (зүүнээс) ХБНГУ-ын ЭСЯ-нд зохион байгуулсан хүлээн авалтын үеэр ЭСЯ-ны Дэд тэргүүн Хана Бекер, сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ф.Гленк болон Вюрцбургийн их сургуулийн профессор Эрик Хильгендорф нарын хамт

Үлээвэр хөгжмийн аялгуу Германы элчин сайдын яамны өрөө тасалгаа дамнан  цуурайтаж баярын уур амьсгал мэдрэгдэнэ. Монголын эрх зүй, хууль зүйн салбарын нэр хүндтэй эрхмүүд, тус сан, Германы элчин сайдын яамны төлөөлөгчид нэгэн онцгой үйл явдлыг тохиолдуулан тус элчин сайдын яамны хүндэтгэлийн танхимд хуран цуглажээ. Ханнс-Зайделийн сан, Монгол Улсын хооронд эрх зүйн салбарт хамтын ажиллагаа эхэлсний 30 жилийн ойг хамтдаа тэмдлэглэн өнгөрүүлэхээр цугларсан нь энэ. Уг тэмдэглэлт үйл ажиллагааны нэгээхэн чухал үйл явдал нь тус сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга н. Оливер Иёрг-д Монгол Улсын Дээд Шүүхийг төлөөлж Захиргааны хэргийн танхимын тэргүүн, хатагтай Мөнхтуяа, Иргэний хэргийн танхимын тэргүүн хатагтай Алтанчимэг нар олон жил хамтран ажиллаж ирсэнд талархал дэвшүүлж дурсгалын зүйл гардуулсан мөч байлаа.

Энэхүү хамтын ажиллагааны эхлэл тэртээ 30 жилийн өмнө анх тавигдаж байжээ. Тухайн үед МУИС-ийн Хууль зүйн сургуулийн залуу багш байсан, хожим тус сангийн суурин төлөөлөгчөөр олон жил ажилласан профессор Ц.Сарантуяа Хууль зүйн сургуулийнхаа захиралаас үүрэг даалгавар авч ХБНГУ-ыг зорьсон юм. Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэтгэлд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах байгууллагатай хэлхээ холбоо тогтоох чин хүсэл бүхий тэр алхам нь өнөөг хүртэл амжилттай өрнөсөн хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ. Ардчилсан замналд дөнгөж хөл тавиад байсан Монгол Улс, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд онцгой гэмээр хамтын ажиллагааны эхлэл ийнхүү тавигдаж өнөөг хүртэл тогтвортой үргэлжилсээр, Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн нэгэн томоохон хэсэг болон оршсоор байна.

Тогтвортой хөгжил, эрх зүйт төрт ёсыг дэмжин ажиллаж байна

Өнгөрсөн гурван арваны хугацаанд сан түншлэгч байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж олон тооны үйл ажиллагаа хэрэгжүүлжээ. Сангийн үндсэн зорилго нь Монгол Улсад эрх зүйт төрт ёс бэхжиж, тогтвортой хөгжлийнх нь нэгэн суурь нөхцөл тавигдах явдал байв. Энэ зорилгоор олон тооны симпозиум, сургалт, илтгэл, хэлэлцүүлэг, хоёр талын харилцан айлчлал зохион байгуулж хууль зүйн мэргэжлийн бүтээл туурвилыг дэмжиж ирсэн.

ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх, судалгаа хийх боломж олгох, ингэснээр эх орныхоо эрх зүйн шинэтгэлд хувь нэмрээ оруулахад нь залуу хуульчдад  дэмжлэг үзүүлж ирсэн. Иймээс ч Германы элчин сайдын яаманд болсон хүндэтгэлийн хүлээн авалтад сангийн тэтгэлэгт хамрагдсан хуульч, судлаачдын төлөөлөл олон байв.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг, бусад төлөөлөгчидтэй уулзав

Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг, бусад төлөөлөгчидтэй уулзав

Талархлаар бялхсан өдрүүд

Сангийн ЕНБД н. Оливер Иёрг айлчлалынхаа богинохон хугацаанд хэд хэдэн түншлэгч байгууллагын төлөөлөл, тэр дундаа хуульч, улс төрчидтэй уулзсан  бөгөөд тухай бүрт талархалын үгс сонсож байв. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тус санг эрх зүйн салбар дахь хамгийн чухал түнш хэмээн онцолсон. Ийнхүү тодорхойлсон нь үндэслэлгүй үг биш болох нь Төрийн ордонд Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран зохион байгуулсан ойн хурлын үеэр тодорхой харагдсан юм. Монгол Улсын хууль зүйн салбарын бараг бүхий л байгууллагын төлөөлөл оролцсон энэхүү арга хэмжээний үеэр олон тооны халуун дотно мэндчилгээний үгс, хамтын ажиллагааны сургамжтай түүхүүд гол сэдэв байлаа. Тус сангийн бүтээлцсэн нэгэн чухал түүх бол тус улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдахад дэмжин оролцсон явдал юм хэмээн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг онцлон тэмдэглэв.

 

Монголын эрх зүйн тогтолцооны үндсэн загвар нь германы эрх зүй

Ханнс-Зайделийн сан болон германы бусад байгууллагууд монголын эрх зүйн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж ирсэн. Түншлэгч байгууллагуудын цөөнгүй хүмүүс герман хэлтэй (монголын хүн амын 1% орчим нь герман хэлтэй) төдийгүй монголын эрх зүйн тогтолцоо нь германы эрх зүйн тогтолцоонд суурилдаг болохыг баталдаг. Үүнийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр уулзалтынхаа үеэр тодорхой дурдсан. Барууныг баримжаалсан хөгжлийн чиг хандлага цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Үүний сүүлийн жишээ нь саяхан тус улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд германыхтай ихээхэн төстэй сонгуулийн холимог тогтолцоог тусгасан явдал юм.

 

Герман болон европын эрх зүйн төвийг байгуулахаар болов

Сантай эрх зүйн салбарт өрнүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд 30 гаруй залуу эрдэмтэн судлаач, багш нар ХБНГУ-д тус сангийн тэтгэлэгээр сурч, судалгааныхаа ажлыг хийсэн байна. Монголын шүүгчдийн дийлэнх нь Ханнс-Зайделийн сангаас зохион байгуулсан аль нэг сургалтад хамрагджээ. Монголын түншлэгч байгууллагуудтайгаа хамтран хууль зүйн салбарын гол гол мэргэжлийн бүтээлүүдийг эрхлэн гаргасан. Ой тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн декан др. проф. Б.Амарсанаа болон сангийн Монгол дахь суурин төлөөлөгч н. Ф. Гленк нар Германы болон европын эрх зүйн төвийг нээх, дэмжин ажиллах санамж бичиг үзэглэв.

 

УДШ-ийн төлөөлөл н. Оливер Иёрг-д талархал дэвшүүлж дурсгалын зүйл гардуулав

УДШ-ийн төлөөлөл н. Оливер Иёрг-д талархал дэвшүүлж дурсгалын зүйл гардуулав

Монгол-Баварийн хамтын ажиллагаа сайн анд нөхөрлөлийн түвшинд хөгжив

Монгол Улс геополитикийн хувьд өвөрмөц байрлалд оршдог нь хоёр талын хамтын ажиллагааны ач холбогдлыг улам тодотгодог. Шууд хөрш орнууд болох ОХУ болон БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэйгээр хөгжүүлэхийн зэрэгцээ “гуравдагч хөршийн бодлого” хэмээн томъёолсон гадаад бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээнд АНУ, Өмнөд Солонгос, Япон, ХБНГУ-тай ойр хамтран ажиллахыг Монгол Улс эрмэлздэг билээ. Германы гадаад дахь байгууллагуудын төсөв сүүлийн Бундестагийн сонгуулийн дараа хязгаарлагдсан ч гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хамтын ажиллагааг идэвхтэй хадгалах боломжийг эрэлхийлсээр байна. Ханнс-Зайделийн сан цаашид ч эрх зүй, тогтвортой хөгжлийн чиглэлд Монгол Улсын хэрэгцээ  шаардлагад нийцүүлэн уламжлалт хамтын ажиллагаагаа хадгалах болно. Хоёр талын хамтын ажиллагааны 30 жилийн ой талархал, цаашид ч хамтран ажиллах чин эрмэлзлийн үгсээр дүүрэн болж өнгөрлөө. Он удаан жил тогтож ирсэн Бавари-Монголын харилцаа, хамтын ажиллагааг германы олон арван эрдэмтэн мэргэжилтнүүд дэмжин ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд монголын хуульчидтай чин сэтгэлийн анд нөхрийн харилцаа бүрэлдэн тогтжээ.

 

„Монгол Улсын эрх зүйн хөгжил дэвшилд 20 орчим жил идэвхтэй хамтран ажиллахдаа миний бие олон тооны хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэгт байлцаж, илтгэл хэлэлцүүлж, байр сууриа илэрхийлж байсны хувьд та бүхэнтэй холбоотой олон сайхан дурсамжууд сэтгэлд хоногшин үлджээ. Эх орондоо орчин үеийн, хүмүүнлэг эрүүгийн болон эрүүгийн процессийн эрх зүйг төлөвшүүлж хөгжүүлэх гэсэн та бүхний чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийг эргэн дурсахад таатай байна. Тэр үед тогтоосон холбоо харилцаа нь цаг хугацааны шалгуурыг даван үнэнч сайхан нөхөрлөл болон үлджээ. Та бүхний найрсаг зочломтгой зан чанар, алс чанадад тэмүүлэх морин хуурын аялгуу, хослон эгшиглэх ардын дуу нь ой дурсамжид тод томруун үлджээ.

Сэтгэлийн өчүүхэн сэрэл мэдрэмжийг ч агуу том хэмжээст шилжүүлэх чадвартай өргөн уудам нутаг, Улаанбаатар хотын захын дүүргийн гэрүүдийн яндангаас суунаглах утааны цайвар хөх өнгөөр хучин, хөдөө нутгаар нь адуу мал цас хаялан давхилдах дахин давтагдашгүй тунамал өнгөтэй өвлийн улирал нь сэтгэлд тод үлджээ“.

Ишлэл: Проф. Др. Др. (h.c. mult.) Бернд Шюнюманн гуайн мэндчилгээнээс