Print logo

Олон улсын эрдэм шинжилгээний хурал
Хууль зүйн алба – 110 жил, Монгол улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал

Ханнс-Зайделийн сан Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан ХЗДХЯ, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ДХИС-аас зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд зохион байгуулалтын түвшинд хамтран ажиллалаа.

Хурлын үйл ажиллагааг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаны бусад хүмүүс, санг төлөөлж Тэргүүн, Европын Парламентын гишүүн Маркус Фербер үг хэллээ.

 

Х.Нямбаатар сайд “Хууль зүй, дотоод хэргийн яам нь 110 жилийн хугацаанд үе үеийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн системчлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, дотоод хэргийн бодлогыг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийтийн эрх зүйн салбарт эрх зүйн шинэтгэл эрчимтэй явагдаж хууль, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд боловсронгуй болж байна. Бид ойрын жилүүдэд өмнө хэрэгжүүлж ирсэн шинэтгэлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хувийн эрх зүйн шинэтгэлд голлон анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.


Хувийн эрх зүйн салбарын шинэтгэлийн бодит үр дүн, улс орны эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөөг шинжлэх ухааны үндэстэй тогтоох, хууль хоорондын уялдаа холбоо, системчлэл, хууль хэрэглээ, шүүхийн практикт дүн шинжилгээ хийх, хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход эрдэмтэн, судлаачдын оролцоо, байр суурь чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр дараах сэдвүүдийг хөндөж хэлэцэв:

  • Монгол улс дахь хувийн эрх зүйн шинэтгэл: Сорилт ба боломж
  • Олон улсын хувийн эрх зүйн ГААГИЙН бага хурлын үйл ажиллагаа: Монгол улсад хамаарах асуудал
  • Хувийн эрх зүйн судалгаа ба эрх зүйн динамик: Цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь
  • Хувийн эрх зүйн шинэтгэл ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
  • БНСУ-д дижитал хэлбэрээр шүүхэд маргаан шийдвэрлэж буй асуудал
  • Бүгд найрамдах Казакстан улсын иргэний хууль тогтоомжийн шинэчлэл: Өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага
  • Монгол улсын эрх зүйн тогтолцооны нэгдмэл, бүхэллэг байдал
  • Монгол улс дахь олон улсын хувийн эрх зүйн хөгжил, цаашдын боловсронгүй болгох асуудал
  • ОХУ дахь нийгмийн аж ахуй эрхлэлт ба хувийн эрх зүйн шинэтгэл
  • Япон улс дахь арилжааны эрх зүйн хөгжил ба онолын зарим асуудал
  • Дампуурлын эрх зүй
  • Хялбаршуулсан арбитрын талаарх зохицуулалт
  • Шүүхийн цахимжуулалт

Ард иргэд бизнес эрхэлж амьжиргаагаа дээшлүүлэх, түүнчлэн улс орны сан хөрөнгийг татвараар арвижуулах нөхцөлийг бүрдүүлэхэд хувийн эрх зүйн шинэтгэлийг хийх зайлшгүй шаардлага үүссэн. Монгол Улсад хувийн эрх зүйг хөгжүүлэх, энэ чиглэлд хуульчдыг бэлтгэх, хууль тогтоомжийг сайтар боловсруулж УИХ-аар батлуулах, дэлхийн нийтийн энэ талын туршлагыг Монголд бий болгох зайлшгүй шаардлага үүссэн” гэдгийг Хувийн эрх зүйн хууль тогтоомжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл дурдлаа.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид болон хувийн эрх зүйн салбарын мэргэжлийн холбоод, хууль зүйн их дээд сургуулийн багш, зочид төлөөлөгчид оролцсон. Тэд энэхүү хурал нь эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүнг нэгтгэн дүгнэх, хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, гадаад улс орнуудын эрх зүйн шинэтгэлийн сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх чухал ач холбогдолтой, үр дүнтэй хурал боллоо гэдгийг онцолж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Зарим үйл явдлуудаас