Print logo
Jump to main navigation Jump to content

Залуучуудын хөтөлбөр
UNCCD Залуучуудын Элч хөтөлбөрийн албан ёсны нээлт

2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “UNCCD Залуучуудын Элч (Young Ambassadors Program)” хөтөлбөрийн анхны уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Уг хөтөлбөрийг Монгол дахь ХЗС-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ийн Нийгэмлэг (UNA Mongolia) болон Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл (NEYC) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд залуусыг цөлжилт, газрын доройтол болон тогтвортой хөгжлийн асуудлаар чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой юм.

Энэхүү хөтөлбөр нь 2025 оны эхээр хэрэгжсэн “Policy Empowerment” хөтөлбөр болон “Policy Hackathon”-ий үргэлжлэл, салшгүй нэгэн хэсэг бөгөөд залуусын бодлогын оролцоог дэмжих цогц санаачилгын дараагийн шат болж байна.

Хөтөлбөр нийтдээ 2 сарын хугацаанд үргэлжилж, оролцогчид долоо хоног бүрийн хагас сайн өдөр уулзалт, сургалт, хэлэлцүүлэгт оролцоно. Энэ хугацаанд оролцогчид НҮБ-ийн Байгаль орчны гурван том конвенц болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын конвенц (CBD) болон Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ийн уялдаа холбоо, зорилго, үүргийн талаар гүнзгий судална.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр НҮБ-ийн Нийгэмлэг болон Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл хамтран оролцогчдод хөтөлбөрийн зорилго, бүтэц, ирэх хоёр сарын үйл ажиллагааны хуваарийг танилцууллаа. Үүний дараа оролцогчид Рио де Жанейрогийн гурван конвенцийн тухай ерөнхий ойлголт, тэдгээрийн уялдаа холбоо, хамтын ажиллагааны ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.

Үргэлжлүүлэн “Уялдаа холбоо: UNFCCC, CBD, UNCCD” сэдвийн хүрээнд илтгэгч Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх залуучуудын төлөөлөгч, “Breathe Mongolia” байгууллагын гүйцэтгэх захирал Бямбадоржийн Энхүүн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилтийн асуудал хоорондын уялдаа хамаарлыг сонирхолтой жишээ, бодит тоон мэдээлэлтэйгээр тайлбарлав.

Хөтөлбөрийн төгсгөлд “UNCCD-ийн чиг үүрэг, зорилт, дэлхийн түвшний хамтын ажиллагаа” сэдвээр Цөлжилттэй тэмцэх конвенцийн залуучуудын төлөөлөгч, Токиогийн их сургуулийн Тогтвортой хөгжлийн ухааны магистр Банзрагчийн Батцэцэг илтгэл тавьж, UNCCD-ийн дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, стратеги, Монгол Улсын оролцооны онцлогийг онцлон танилцууллаа.