Эрдэм шинжилгээний хурал
Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа
Улсын ерөнхий прокурорын газраас санаачлан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Азийн сан, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо (2024.09.25) зохион байгууллаа.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, олон улсын сайн туршлага, мэдээллийг харилцан солилцож, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэн, нийтийн хүртээл болгоход оршсон.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг төр, хувийн хэвшлийн нийт байгууллагууд төдийгүй олон улсын төсөл, хөтөлбөр, эрдэмтэн, судлаач, шүүгч, прокурор, хууль сахиулагч зэрэг 150 гаруй төлөөлөл оролцсон.Илтгэгч нараас онцлон дурдвал Ханнс Зайделийн Сангийн урилгаар “Гадаадын зарим улс орны мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй туршлага, практик” сэдвээр ХБНГУ-ын Мюнхений Ерөнхий прокурорын газрын Бавари мужийн хууль бус хөрөнгө нөхөн сэргээлтийн төв зохицуулалтын газрын дарга, ахлах прокурор Хилдегард Боймлер-Хөсл тус хуралд илтгэл хэлэлцүүлэв.