Print logo
Jump to main navigation Jump to content

Олон улсын эрдэм шинжилгээний хурал
Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл

Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх байгуулахтай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Ханнс-Зайделийн сан хамтран “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Хурлын нээлтийн өмнө үндсэн модератор Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г. Алтанчимэг хэлэлцүүлгийн үндсэн сэдвийг танилцуулсан юм.

Хурлыг нээж, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг үг хэлэв.

Хурлын I хэсэгт Нагояагийн их сургуулийн профессор, Хууль зүйн доктор Харада Аяако “Япон улсын Гэр бүлийн шүүхээс гэр бүл салалт, асран хамгааллын маргааныг хянан шийдвэрлэх нь”, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, Хууль зүйн доктор Н.Баярмаа “Монгол Улсын гэр бүлийн хөрөнгийн зохицуулалтын онцлог, шүүхийн практик”, БНТУ-ын дээд шүүхийн Иргэний хэргийн 2-р танхимын шүүгч, Гэр бүлийн эрх зүйн үнэлгээний зөвлөлийн дарга Севил Картал “БНТУ-ын Гэр бүлийн тухай хууль дахь хүүхдийн асрамж ба хүүхдийн эрхийн тухай”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн “Монгол Улс дахь хүүхдийн асрамжийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нар “Хүүхэд үрчлэлтийн талаарх зарим зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын II дахь хэсгийн хүрээнд  Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Монгол Улс дахь өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотын анхан шатны шүүхийн шүүгч Маттю Ж. Виола “Гэр бүл, хүүхдийн хэргийн нэгдсэн шүүх: Хавай мужийн хэтийн төлөв”, ХБНГУ-ын Бамберг хотын Ерөнхий прокурорын газрын прокурор, орлогч дарга Штефан Шел “ХБНГУ дахь насанд хүрээгүй хүний эрүүгийн эрх зүй” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.

 

Хэлэлцүүлгийн гурав дахь хэсэгт Хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн профессор, ЮНИСЕФ-ийн Хүүхдийн эрхийн асуудлыг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн, Лейдений их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хүүхэд ба Эрүүл мэндийн салбар хариуцсан тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн доктор Тон Лиефаард “Олон улсын хүүхдийн эрх: Хүүхэд, гэр бүл, шүүхийн үүргийн талаарх эргэцүүлэл”, Сөүлийн Гэр бүлийн шүүхийн Ерөнхий шүүгч Ким Хён Рюл “БНСУ-ын Гэр бүлийн шүүхийн түүх ба орчин үеийн чиг хандлага”, Сэтгэл судлаач, “Human Ethos” байгууллагын захирал, Баруун Австралийн их сургуулийн Хуулийн тэнхимийн дэд профессор Карли Шревер, Гэр бүлийн сэтгэл засалч, “Human Ethos” байгууллагын захирал болон Австралийн сэтгэл судлалын нийгэмлэгийн гишүүн Салли Раян нар  “Гэр бүлийн шүүхийн шүүгчийн сэтгэлзүйн эрүүл мэнд” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хуралд Монгол, Австрали, ХБНГУ, Япон, Нидерланд, БНСУ, БНТУ, АНУ зэрэг найман орны төлөөлөл танхим, цахим хосолсон байдлаар оролцсон юм.