Төслийн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороодын ерөнхий боловсролын сургуулиудын 14,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхнийг үнэ төлбөргүйгээр хамруулж, байгаль орчин хамгаалах болон холбогдох хууль эрх зүйн мэдлэгийг хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр олгосон нь уг төслийн бодит үр дүн байв.
Энэ удаагийн “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль – 4” төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар болон Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1,520 сурагч хамрагдсан бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тус дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллалаа.
Төслийн сургалтууд нь байгаль орчин, хууль эрх зүйн ойлголтыг онолын түвшинд бус, бодит жишээ, хэлэлцүүлэг, идэвхтэй оролцоонд суурилсан арга зүйгээр хүргэснээр сурагчдын сонирхол, оролцоог нэмэгдүүлж, байгаль хамгаалах нь иргэний үүрэг, хариуцлагатай салшгүй холбоотой гэдгийг ойлгуулахад чухал нөлөө үзүүлсэн юм.
Энэхүү төслийг дөрөв дэх жилдээ тууштай дэмжиж, амжилттай хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн Ханнс-Зайделийн сан нь Монгол Улсад ардчилал, хууль дээдлэх ёс, иргэний болон байгаль орчны боловсролыг дэмжих чиглэлээр урт хугацааны бодлоготойгоор ажиллаж ирсэн билээ. Тус сангийн тогтвортой дэмжлэг нь төслийг олон мянган хүүхдэд хүргэх үндэс суурь болж байна.
Мөн төслийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын Их Сургуулийн Экологийн боловсролын төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Тэдний мэдлэг, туршлага, хичээл зүтгэл нь төслийн чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Цаашид энэхүү төслийг олсон амжилтад нь тулгуурлан 2026 онд ч мөн адил уламжлал болгон зохион байгуулах, илүү өргөн хүрээнд, олон хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулах зорилт тавин ажиллахаар төлөвлөж байна.