Print logo
Jump to main navigation Jump to content

Ази – Номхон далайн бүс нутгийн мэргэжилтнүүдийн 16-р уулзалт (RCE) боллоо

RCE нь Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэн ажилладаг бүсийн ТХБ-ын мэргэжилтнүүдийн сүлжээ бөгөөд 20 гаруй жилийн өмнө ТХЗ-ыг орон нутгийн нөхцөл байдалд уялдуулан хэрэгжүүлэх зорилготой үүсгэн байгуулагджээ. Тус сүлжээ нь орон нутгийн мэдлэг туршлага, олон улсын сүлжээнд түшиглэн нийгмийн бүх түвшинд ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 2023 оны 8-р сарын байдлаар дэлхий даяар 190 RCE сүлжээ НҮБ-ын Их Сургуулиар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөн байгуулагдаад байна. Глобал RCE үйлчилгээний төв нь UNU-IAS-д байрладаг бөгөөд дээрх RCE-ийн төвүүдэд туслалцаа үзүүлж, тэднийг өөр хооронд нь холбох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

2024 оны 9-р сарын 12-14-ний хооронд Киргиз улсад болсон Бүс нутгийн мэргэжилтнүүдийн сүлжээ (RCE)-ний уулзалтад Ханнс-Зайделийн сангийн түнш болох МУИС-н дэргэдэх Экологийн боловсролын төвийг төлөөлж Ногоон Монголын төлөө (НМТ)компанит ажил төслийн зохицуулагч Я.Нарангэрэл амжилттай оролцоод ирлээ.

 

Монгол улсад RCE байгуулах санаачилгыг МУИС-н дэргэдэх Экологийн Боловсролын Төв (ЭБТ)-ийн эрхлэгч Р.Сүнжидмаа гаргасан бөгөөд үүнийг зохион байгуулах ажлын хүрээнд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас шат дараатай дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна. Тухайлбал 2023 онд БНСУ-д болсон Бүсийн мэргэжилтнүүдийн сүлжээ (RCE)-н уулзалтад ЭБТ-с 2 гишүүн оролцсон, ЭБТ-н эрхлэгч хатагтай Р.Сүнжидмаа ХБНГУ-д Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр богино хугацааны судалгаа хийсэн бөгөөд энэ оны 4 сард Бүс нутгийн мэргэжилтнүүдийн сүлжээг Монгол улсад байгуулах санаачлагын хүрээнд Ногоон монголын төлөө компанит ажлын гишүүд болон бусад боловсролын байгууллагуудын гишүүдэд танилцуулга хийж, ТХБ-ийг үндэсний хэмжээнд сайжруулахын тулд дэлхийн бусад RCE-тэй хамтран суралцаж, туршлага солилцох зорилгоор Монгол Улсад RCE төв байгуулахаар бүгд санал нэгдсэн билээ. Үүний үр дүнд энэ оны сүүлээр RCE сүлжээг Монголд байгуулахаар хоёр дахь шатны өргөдлөө албан ёсоор илгээгээд байна.

 

RCE нь Монголд хараахан байгуулагдаж амжаагүй хэдий ч хатагтай Нарангэрэл Киргизстан улсад болсон тус уулзалтаар Монгол улсад энэ чиглэлээр хийж буй ажлуудаа Киргизстан, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Тайланд, Хятад зэрэг орнуудын 40 гаруй төлөөлөгчидтэй хуваалцсан байна. Оролцогчид Ногоон Монголын төлөө компанит ажил хийгээд Монгол улсад ТХБ-г хэрхэн залуу үеийнхэн болон олон нийтэд хүргэж байгааг сайшаан, хамтран ажиллах саналаа илэрхийлж байлаа.

 

Тэрээр Ази Номхон далайн бүсийн RCE -үүдтэй уулзаж, харилцан туршлага солилцоод зогсохгүй хамтран ажиллах боломжуудыг судалсан байна. Тухайлбал, Хятад, Тайланд улстай хамтран ажиллаж “Communiversity” гэсэн үзэл баримтлалын хүрээнд ТХБ-ийг нүүдэлчдийн амьдралын хэв маягтай хослуулан, удаан, энгийн амьдралын хэв маягийг сурталчлах ажлуудыг хийж болох юм.  Цаашлаад  Өмнөд Солонгосын RCE-гээс ТХБ-ийг дэмжих “Асуудалд суурилсан суралцахуй” арга барилын талаар туршлагаа хуваалцах бүрэн боломж буйг харсан байна. 

Арга хэмжээний үеэр хатагтай Нарангэрэл болон БНХАУ-с ирсэн зочид төлөөлөгчид Киргиз дэх Ханнс-Зайделийн сангийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцох боломж тохиосон билээ.  Үр өгөөжтэй яриа өрнүүлэн, бүх талаар дэмжиж тусалсан Киргиз дэх Ханнс-Зайделийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.