Print logo
Jump to main navigation Jump to content

Судалгаа
Ирээдүйн үеийн манлайлагч залуу Төв Азийн нүүдлийн замыг судалж байна.

Даваасүрэнгийн Батмөнх хүүхэд байхдаа байгальд ойр өсөж, дэлхий ертөнцөөр аялах мөрөөдөлдөө хөтлөгдөн газарзүй, биологийн хичээлдээ түлхүү анхаарч суралцсан нь түүнийг Биологийн олимпиадад амжилттай оролцож, Монгол Улсын Их Сургуульд урилгаар суралцахад нөлөөлсөн байна.

Тэрээр их сургуулийн хоёрдугаар курсээс эхлэн шувуу судлалын хээрийн судалгаанд туслах оюутнаар оролцож эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг шувуу судлаач болоход нөлөөлж, улмаар Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) -ийн мэргэжилтэн Мартин Гилберттэй хамтран ажилласан нь түүнд судалгааны олон аргуудаас суралцаж, шувуу таних мэдлэгээ хөгжүүлэх боломж олгосон байна. 

Монгол Улсын Их Сургуулийг Генетик, Молекул Биологич мэргэжлээр төгссөний дараа Батмөнх Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажлын гараагаа эхэлж, өдгөө Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (ЗАСХТ) - д хээрийн биологичоор ажиллаж байна. 

ЗАСХТ-д тэрээр Идлэг шонхор шувууны судалгаа, хамгааллын төсөлд оролцож, “15 кВ-ын цахилгааны шугамд эрсдэж үхэж буй махчин шувууд” сэдвээр судалгаа хийж, магистрын дипломын ажлаа хамгаалжээ. Судалгааны хүрээнд шувууны эндэгдлийг бууруулах найман төрлийн аргачлалыг туршиж, тус бүрд нь үнэлгээ хийж үзжээ.

Магистрын зэргээ хамгаалж дуусаад Д.Батмөнх ЗАСХТ-ийн Нүүдлийн Шувууны Судалгааны Хөтөлбөрт шувуу судлаачаар ажиллаж эхэлсэн бөгөөд Монгол орны зүүн, төв, баруун хэсэгт гурван шувуу бөгжлөх суурин байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 2015 оноос хойш эдгээр станцуудаар 309 төрлийн 90,000 гаруй шувууг бөгжилжээ.

 

Мөн тэрээр Монголын нүүдлийн шувуудын судалгааны хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэж 60 зүйлийн 1,500 гаруй бодгаль шувууны нүүдлийн судалгааг орчин үеийн технологи ашиглан гүйцэтгэж, Монгол төдийгүй Ази тивийн шувуу судлалд чухал хувь нэмэр оруулсан. Хээрийн судалгаанаас гадна долоон оюутны диплом удирдаж, хоёр дипломын ажлын шүүмжлэгчээр ажилласан. Түүнчлэн Scientific Reports, Zoological Journal of the Linnean Society, Ecography, Nature Communications зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтдээ 48 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, хамтран зохиогчоор оролцсон.

Батмөнх Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын судалгааны тэтгэлэг хүртэгч болж Баг хамт олныхоо хамт Баруун Монгол дахь Хээрийн галууг судалсан нь тус зүйлтэй холбоотой шинжлэх ухааны мэдээ хомс бүс нутагт чухал холбогдолтой ажээ.

Тэрээр Төв азийн нүүдлийн замын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамгаалах ажилд талуудыг татан оролцуулахад хээрийн галууг шүхэр зүйл болгох боломжтой гэж үзжээ. 

Уг судалгааны ажлаа Зүүн хойд болон төв Азийн 35 мэргэжилтнийг хамарсан шувуудын зүйлийн хамгааллын хамтын ажиллагааг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий Virtual Masterclass – цахим уулзалтын үеэр танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлдээ Төв Азийн нүүдлийн замын 600 гаруй зүйлийн олонх нь амьдарч буй орчны эрсдэлүүдээс шалтгаалан аюулд өртөж байна. Эдгээр зүйлийг хамгаалахын тулд олон улсын үр дүнтэй хамтын ажиллагаа чухал бөгөөд нүүдлийн замын хамгааллын хөтөлбөрүүдээр дамжуулан хамтран ажиллахын ач холбогдлыг онцоллоо.