Сургалт
Людвиг-Максимилиан-Университэт Мюнхений (LMU München) их сургуулийн төлөөлөгчид Монголд - Тогтвортой хөгжлийн боловсрол
Зочид айлчлалын үеэр МУИС-н Экологийн боловсролын төвийг Тогтвортой хөгжлийн боловсролын төв болоход шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгөн, LMU их сургуулийн туршлагыг хуваалцаад зогсохгүй Тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловсрол, төслийн байгууллагуудад дараах сургалтуудыг зохион байгууллаа.
Үүнд:
- Тогтвортой хөгжлийн боловсрол их дээд сургуулийн түвшинд
- Сониучхан хэрэмний сонирхолтой аялал хээрийн сургалтын аялал
- Тогтвортой хөгжлийн боловсролын арга зүй - хүүхэд, олон нийтэд" сургалт
- Тогтвортой хөгжлийн боловсролын арга зүй - багш, сурган хүмүүжүүлэгчдэд" сургалт
- Ой, хээрт явуулж болох хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр зэрэг
Сургалтуудад МУИС-н Биологийн тэнхим, МУБИС-н Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим, Биологийн тэнхим, Газарзүйн тэнхим, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар (ХХУТХГ), Хустайн БЦГ, Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ (ХТБХ), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН) болон Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид хамрагдав.
Айлчлалын үр дүнд оролцогч талууд үйл ажиллагаагаа танилцуулж, холбоо тогтоон, тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны эрх зүй, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент гэх мэт чиглэлээр судалгаа хийх боломжит газруудтай танилцан, LMU их сургуультай бий болгосон хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой байлаа. Экологийн боловсролын төв Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний төв институци болоход зөвлөн туслах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, Экологийн боловсролын төв Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар (XXУТХГ)-т тогтвортой хөгжлийн боловсрол, танин мэдэхүйн чиглэлээр сургалт, судалгааны анхны хээрийн бааз (камп) байгуулах хийгээд санхүүжилтийн механизмын талаар уулзалт, зөвлөгөөн хийж, талууд харилцан санал солилцлоо.