Print logo
Jump to main navigation Jump to content

Шинэ бүтээл
Монгол орны зонхилох мод, сөөг ургамлыг таньж тодорхойлох, экологи-эдийн засгийн үнэлгээ

2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт “Монгол орны зонхилох мод, сөөг ургамлыг таньж тодорхойлох, экологи-эдийн засгийн үнэлгээ” нэртэй шинэхэн бүтээлийн нээлт болж өндөрлөлөө.

Монгол орны ой мод нь эрс тэс уур амьсгалд бүрэлдэн тогтсон эмзэг экосистем бөгөөд улсын нийт газар нутгийн 12.95 сая га буюу 8.3 хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд хууль бус мод бэлтгэл эрчимжиж, ойн доройтол нэмэгдэж буй энэ үед ойн нөөцийг үнэлэх, хууль бус ашиглалтын хохирлыг тогтоох, төрөл зүйл таних ур чадварыг сайжруулах нь хуулийн байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудад нэн шаардлагатай болсон. Энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэхүү гарын авлага боловсруулагджээ.

Номыг академич, шинжлэх ухааны доктор Ч.Доржсүрэн, доктор, профессор Г.Цэрэнханд, доктор Б.Алтанзагас нар хянаж, редакторласан бол бүтээлийг Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн эрхлэгч, доктор С.Дорждэрэм тэргүүтэй судлаачид эмхэтгэн боловсруулсан байна. Тэд Монгол орны зонхилох мод, сөөгийг гадаад морфологи болон модлогийн анатомын бүтцээр тодорхойлох аргачлал, хууль бус мод бэлтгэлийн улмаас үүсэх экологийн хохирол, эдийн засгийн үнэлгээ хийх арга зүйг нэгтгэсэн цогц мэдээллийг уншигчдад хүргэжээ.

Энэхүү бүтээл нь ойн экосистемийг хамгаалах, хууль бус мод бэлтгэлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мэргэжлийн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Номын бүтээл, хэвлэлтэд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад Хууль зүй, дотоод хэргийн яам, мөн Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл идэвхтэй хамтран ажилласан байна.