Print logo
Jump to main navigation Jump to content

Олон улсын эрдэм шинжилгээний хурал
Ардчилсан үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид.

Хурлыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид агсны 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгууллаа.

Хурлыг нээж Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ 

“Б.Чимидийн эхийг барьсан үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх ёсыг улам бататгах  санаа зорилгыг тууштай баримтлах нь бидний үүрэг мөн” гэдгийг онцлон тэмдэглэв. 

Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар мэндчилгээ дэвшүүлж, илгээлт ирүүлсэн юм.

Б.Чимид агсны охин, Ханнс-Зайделийн сангийн тэтгэлэг авагч Ч.Сайнсанаа аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, мөнхжүүлэх зорилгоор хууль зүйн судалгаа, шинжилгээ болон эрх зүйн салбарт авч хэрэгжүүлж буй олон үйл ажиллагааны нэг нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал ажээ.

“Чимид сан”-гийн тэргүүн Ч.Сайнсанаа “2013 оноос зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг аавынхаа 80, 85 насны ойгоор олон улсын хурал болгож, олон улсын зочид төлөөлөгчдыг урьж оруулдаг болсон. Энэ удаагийн хуралд АНУ-г төлөөлж Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор, ХБНГУ-г төлөөөлж ХБНГУ-н Бавар муж улсын Захиргааны сургуулийн Удирдах зөвлөлийн дарга асан, МИУС-н хүндэт Доктор Юрген Харбих, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нарын хамтарсан “Монголын ард түмний их хөвгүүн Бяраагийн Чимид ” сэдэвт илтгэл хэлэлцүүлж оролцлоо. 

Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Төрийн шагналт С.Нарангэрэл, “Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тейлор, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нар илтгэл тавилаа. Илтгэгчид Б.Чимид агсны үйл хэргийн биелэл, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явц, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хандаж байсан түүний хандлага, Монголын хууль зүйг шинжлэх ухаан болон эрх зүйн боловсролд оруулсан хувь нэмэр, 1990 оны ардчилсан хувьсгалыг тайван замаар амжилттай өрнүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр зэргийг онцлон дурслаа.

 

Харин эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд оролцогчид Б.Чимид агсан, түүний үйл хэргийн талаар өөр өөрийн дурсамжийг ярьж, Монгол Улсын хууль, эрх зүй, төр, захиргааны нэрт зүтгэлтэн, эрхэм хүнийг эргэн дурссан юм. Үндсэн хуулийн төслийг боловсруулж байх үед нь түүнтэй ойр дөт ажиллаж, зөвлөн тусалж байсан Азийн сангийн зөвлөх асан Том Гинзбург, Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд Азийн хэлтсийн дарга асан Юрген Вилке болон Вилли Лангэ нар тус тус видео мэндчилгээ ирүүлж, Монголын нэрт эрдэмтэн, их хүмүүний тухай мартагдашгүй нандин дурсамжаа хуваалцсанаар хурал өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Эрдэм шинжилгээний хурлыг Улсын их хурлын тамгын газрын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Чимид сан”, МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж, Хуралд Ардын Их Хурал, Улсын Бага хурал, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд, хууль зүйн шинжлэх ухааны нэрт төлөөлөгчид, академичид Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг их сургууль, Азийн сан, Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчид оролцлоо.